УИХ хууль зөрчсөн албан тушаалтны мэдээлэл хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-05 11:08:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын талаар өнөөдөр Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүдэд иргэдээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн зарим заалт хэт чанга байгаа талаар гомдол байнга ирдэг. Тиймээс энэ хаврын чуулганаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчлийн тухай, Зөрчлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон  гэдгийг Ж.Батзандан гишүүн мэдээллийнхээ эхэнд онцлов.


Тэрбээр, “Чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах, МҮЭХ-ны статусыг тодорхой болгох юм. Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд эхэлбэл, өөр хууль, тогтоолын төсөл хэлэлцэхийг хуулиар хориглодог. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Улс төрийн намууд монголчуудыг талцуулдаг болсон. Тиймээс эдгээр хуулиар одоогийн улс төрийн намуудыг шинэчлэн, авлига, хатуу гишүүнчлэлийн асуудлыг хориглох юм. Сүүлийн жилүүдэд эрүүдэн шүүгдэж, эрхээ зөрчүүлсэн олон иргэн бий. Эдгээр иргэдийн өргөдөл, гомдол, АТГ, тагнуул, прокурорын байгууллагын хууль зөрчсөн албан тушаалтны мэдээллийг УИХ хүлээн авч байгаа. Иргэдийн мэдээлэлд тулгуурлан албан тушаалтныг шалгаж, хууль зөрчсөн бол хариуцлага тооцох болно. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ болон миний бие нийслэлийн есөн дүүргийн иргэдтэй уулзаж, нийгэмд үүсээд буй асуудлын талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонсох болсон. Энэ сарын 6-ны 13.00 цагт ҮБХИС-ийн Соёлын төвд Баянзүрх дүүргийн иргэдтэй, 7-нд “Соёмбо” кино театрт Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзана” хэмээв.

Холбоотой мэдээ