“Оюуны манлай” олимпиад 9 дэх жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-03 21:35:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Цайхун” сургуулийн нэрэмжит “Оюуны манлай-2019” олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сурагчдыг математик, эх хэл болон англи хэлийг сонирхон судлах тэмүүлэлтэй болгох, эрэлт хэрэгцээг хангасан тал бүрийн чадварт суралцаж буй сурагчдыг дэмжих, амжилтыг үнэлэн урамшуулах зорилготой олимпиадад энэ жил 1300 гаруй сурагч оролцсон аж.

2012 онд Дархан-Уул аймгийн ЕБС-иудын дунд зохион байгуулж эхэлсэн “Оюуны манлай” олимпиад нь өдгөө төвийн бүсийн хэмжээнд болж хүрээгээ тэлсэн байна. Энэ жилийн тухайд аймгийн ЕБС-иудаас гадна Сэлэнгэ, Орхон, Төв аймаг болон Улаанбаатар хотоос сурагчид ирж мэдлэг оюунаа уралдуулжээ.

“Оюуны манлай” олимпиадад оролцсоноор массын сургалтыг жигд авч яваа сургууль, багшийг дэмжих, оролцож буй сурагчийг урамшуулдгаараа онцлогтой аж. Түүнчлэн хувь болон багийн амжилтаар шилдгүүдийг тодруулдаг. Энэ нь тухайн сургууль болон сурагчид ямар түвшинд байгааг илэрхийлэх бас нэгэн үнэлэмж болдог аж.

Тус олимпиадад тогтмол оролцдог сургууль болон сурагчид нэмэгдсээр байна. Тухайлбал Оюуны-Ирээдүй, Од, Жигүүр цогцолбор сургууль жил бүр оролцдог гэж сургалтын менежер Б.Цэрэнсамбуу онцолж байна. Тэрээр олимпиадад олон жил оролцож тогтмол амжилт үзүүлсэн сурагчдад “Үнэмлэхүй аварга” шагналыг гардуулж эхэлсэн гэлээ.

“Оюуны манлай-2019” олимпиадын анхны үнэмлэхүй аварга сурагчаар Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн 6-3 ангийн сурагч Н.Номин-Эрдэнэ “Үнэмлэхүй аварга” шагналыг хүртжээ. Н.Номин-Эрдэнэ нь 5 жил тасралтгүй оролцож 4 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тус шагналыг хүртжээ.

Бага ангийн сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлж, эх хэлний үнэ цэнийг таниулах, монгол хэлний хичээлийн сургалтыг хэрхэн авч явааг дэмждэг, дунд ангийн сурагчдын математик, англи хэлний сургалтыг хэрхэн авч явааг бага, дунд ангиар дэмжин гаргадгаараа онцлогтой олимпиадад урд өмнөх жилүүдэд 500-600 сурагч оролцдог байсан бол энэ жил оролцогдын тоо 2 дахин нэмэгдсэн нь ач холбогдолтой төдийгүй сурагчдын хүсэн хүлээдэг олимпиадын нэг болсныг шавь нараа бэлтгэн оруулсан багш нарын төлөөлөл хэлж байлаа.

Сурагчдын сэтгэх чадвар болон стандарт хангалтыг шалгасан “Оюуны манлай-2019” олимпиад шилдгүүдийг өнөөдөр Цайхун сургуулийн байранд гардуулан өгөв.

Дашрамд жил бүрийн хавар зохион байгуулдаг олимпиадад өөрийгөө сорих, мэдлэгээ бататгах хүүхэд бүрт нээлттэй бөгөөд бүртгэл эхэлсэн тохиолдолд бусад аймгаасаа мэдээллээ онлайнаар өгөх боломжтой ажээ.

 

Холбоотой мэдээ