Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газруудыг хаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-01 15:33:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Цахим тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт тавих тухай” асуудлыг хэлэлцлээ.

Өвөрхангай аймагт нийт есөн РС тоглоомын газар байгаагаас Арвайхээрт 6, Хархоринд 2, Уянга суманд 1 байна. Бат-Өлзий, Уянга, Хужирт, Богд суманд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газруудыг хаажээ.

Цахим тоглоомын газрууд нь бага насны хүүхдийг удаан хугацаагаар тоглуулдаг, цаг хэтрүүлэн ажилладаг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бүрдэл дутуу, цахилгааны аюулгүй байдал хангалтгүй гэхчлэн олон дүрэм, журмыг зөрчиж байгаа юм. Холбогдох газруудаас хамтарсан ажлын хэсгийн хяналт шалгалтыг Арвайхээр суманд 4, бусад суманд 8 удаа явуулж, 1300 гаруй сурагч, 200 гаруй эцэг эхийг оролцуулан сургалт зохион байгуулсан байна.

Гэвч РС тоглоомоор тоглох хүүхдийн тоо буурахгүй байгаа бөгөөд эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул төдийгүй бүр ухаалаг утас авч өгч, тоглоомд донтох нөхцөл боломжийг бүрдүүлж байгааг Тэргүүлэгчид шүүмжлэв. Тиймээс эцэг эхчүүд рүү хандсан ухуулга, сурталчилгааг сайн хийхийг холбогдох албанд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ