Венесуэлд цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлана

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-01 12:12:07

КАРАКАС. /TASS/. Ирэх 30 хоногийн хугацаанд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээг хязгаарлана гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. 


“Энэ нь эрчим хүч үүсгэх, аюулгүй дамжуулах үйл явц, хэрэглээг тэнцвэржүүлэх болно” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Хязгаарлалт өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж. Түүнчлэн Н.Мадуро империализмын дайралтаас улс орноо хамгаалахыг иргэддээ уриалжээ.


Өнгөрсөн сарын 7-нд Венесуэлд цахилгаан хангамж тасалдсаны улмаас нийслэл Каракас хот болон тус улсын дийлэнх мужид тог, цахилгаан тасарсан юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын зүгээс “Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсны улмаас ийм хэрэг боллоо” гэж мэдэгдсэн юм. Тог, цахилгаан тасарсан бүс нутгуудад хулгай, дээрмийн хэрэг ихээхэн гарч байгаа аж. Сулия мужид л гэхэд хулгай, дээрэм үйлдсэний улмаас учирсан нийт хохирол 50 сая ам.доллараас давжээ.  

Холбоотой мэдээ