Зураг төсөв, ажлын даалгаваргүй 16 төслийн худалдан авах ажиллагаа хүлээгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн орон нутгийн өмчийн газар энэ онд улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын 99 төсөл, хөтөлбөрийн худалдан авалтыг зохион байгуулах юм.
Нийтдээ 15,4 тэрбум төгрөгийн буюу орон нутгийн
төсвийн 1,0, орон нутгийн хөгжлийн сангийн 2,4, байгаль хамгаалах сангийн 5,7,
улсын төсвийн 5,4 тэрбум, авто замын сангийн 30,0 сая төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Орон нутагт эрх шилжүүлсэн 31, гүйцэтгэгч нь шалгарсан 14, худалдан авах ажиллагаа зарласан 30, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 5 ажил байна. Мөн зураг төсөв, ажлын даалгаваргүй 16 төслийн худалдан авах ажиллагаа хүлээгдэж байгаа талаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Батжаргал мэдээллээ.
Булган сумын гэр хорооллын айл өрхөд хог төрөлжүүлэн хийх хогийн сав нийлүүлэх, суурилуулах, Сэлэнгэ, Баяннуур, Орхон, Дашинчилэн, Бүрэгхангай сумын хүн амын усан хангамжийн худагт эрүүл ахуйн шаардлага хангасан ус нөөцлөх савтай болгох зэрэг байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжих төслийн гүйцэтгэгч шалгарч ажлаа эхэлсэн байна.
Улсын төсөв болон байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Хишиг-Өндөр сумын хүн эмнэлгийн засвар, аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн барилга барих, Хануйн голын замын засвар, Гурванбулаг суманд барих доройтсон бэлчээрийг зайнаас тандан судлах, нөхөн, сэргээх туршилт судалгааны төв зэрэг 16 төслийн зураг төсөв, зургийн даалгавар байхгүй шалтгаанаар худалдан авах ажиллагаа хүлээгдэж байгаа аж.