Технологи, инновацийн төвийг их сургуулиудыг түшиглэн байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-03-26 16:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран “Технологи, инновацийг дэмжих төвүүд (TISCs): Аж үйлдвэрийн өмч ба патентын хайлт” сэдэвт үндэсний семинарыг өнөөдөр ШУТИС-ийн номын санд зохион байгууллаа.

Энэ талаар Оюуны өмчийн газрын Шинэ бүтээлийн шинжээч Б.Оргилмаагаас тодруулбал, “Бид Технологи- инновацийг дэмжих төвүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ семинар, сургалтыг зохион байгуулж байна. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас Технологи-инновацийг дэмжих төвүүдийг олон улс оронд, ялангуяа хөгжиж буй оронд байгуулж байна. Үүний нэг нь манай улс юм. Ингэхдээ тус төвийг Монголын их, дээд сургуулиудын дэргэд байгуулж байна. Яагаад гэвэл тухайн сургуулийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтнуудын оюуны чадавхи, хийж бүтээж буй, зохион бүтээж буй бүтээлд түшиглэн инновацийг хөгжүүлэх талаар сургаж, цааш хөгжүүлэхэд анхаарч байгаа юм. Жишээ нь, энэ удаа гэхэд инновацид түшиглэн төрөл бүрийн мэдээллийг олж аван судалгаа, шинжилгээндээ ашиглах талаар Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Инноваци ба технологийг дэмжих газрын Мэдээлэл, мэдлэг түгээх хэлтсийн мэргэжилтэн хатагтай Алис Дэли, Олон улсын оюуны өмч судлаач, ноён Давид Барфорд нар илтгэл тавьж байна. Судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны болон техникийн мэдээлэл, патентын мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд семинарын үеэр эдгээр мэдээллийн санд хэрхэн оновчтой хайлт болон дүн шинжилгээ хийх талаар мэдлэгийг олгож байна” гэв.

Өнөөдрийн семинарт МУИС, ШУТИС, ХСИС, ХААИС, АШУҮИС, ҮБХИС, ЭЗШУИС, “Шинэ Монгол” ТДС, ШУА, “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцов.


Оюуны өмчийн газар нь инновацийг дэлгэрүүлэх болон дэмжих механизмыг бий болгож, үндэсний инновацийн үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн нийт 12 их, дээд сургууль болон эрдэм шинжилгээ, судалгааны 12 байгууллагатай Монгол Улсад Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээ байгуулах тухай байгууллага хоорондын гэрээг байгуулаад байна.

Б.Болд

Холбоотой мэдээ