Орхон бүсийн ахмадууд хаврын баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-25 11:52:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос ахмадуудынхаа эрүүл, урт наслах, сэтгэл амгалан, тайван байх, ганцаардлаас ангид амьдрах нөхцөлийг нь хангаж өгөхийн тулд олон чухал үйл ажиллагааг тэдний оролцоотойгоор зохион явуулдаг уламжлалтай.

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Орхон бүс болох Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сум, Номгон, Рашаант тосгодын ахмадууд оролцсон "Цэнгэн бүжье” сэдэвт хаврын баярыг зохион явуулжээ. Баруунбүрэн суманд болсон энэхүү хаврын баяр нь бүсийн хэмжээнд болж буй томоохон үйл явдал гэдгээрээ онцлогтой юм. Орхон бүс нь 2018 онд ажил үйлсээрээ шалгарч “Аймгийн аварга бүс” болсон бүтээлч, хөдөлмөрч, ажилч хичээнгүй, шинийг санаачлагч, авъяаслаг ахмадуудтай гэдгээрээ мөн онцлог бүс юм.

Энэ талаараа аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, ”Баруунбүрэн суманд зохиосон эл цэнгүүнд ахмадууд дуулан жаргаж, баясан цэнгэж, сэтгэлийн амар амгаланг мэдэрч, аугаа их сэтгэлийн таашаалыг бие биедээ бэлэглэж, үнэхээр бахархууштай сайхан харагдаж байна. Хүн хүнээ үгүйлэн санаж, уулзан золгож, учран жаргах боломжийг ингэж ахмадууддаа олгож өгөх нь бидний үүрэг юм” хэмээн хэллээ.

Энэхүү үйл ажиллагаанд Баруунбүрэн сумын ИТХ-ын дарга Ш.Нямдорж, Засаг дарга Т.Түмэнлзий, Засаг даргын орлогч Б.Ширчмаа нар оролцож, ахмадуудаа баярлуулсан байна. Мөн бүсийн ахмадуудаа хүндэтгэн аймгийн Ахмадын хорооны УЗ-ийн гишүүн Ч.Даваадорж, Л.Цэндсүрэн, Б.Дулмаа нар оролцжээ. Тус үйл ажиллагаанд оролцож буй ахмадуудаас бидэнд цэнгэн хөгжилдөх сайхан боломжийг хангаж өгсөн аймгийн ахмадын хорооны удирдлагууддаа талархаж байгаагаа илэрхийлж байв. 

Холбоотой мэдээ