Завханд малын эрүүл мэндийн мөшгих системийг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-24 10:58:48

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг малын гоц халдварт өвчингүй байгаа нь малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог нэвтрүүлж, хамтран ажиллахад гол түлхэц, шалгуур болж байгаа хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв.

Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газраас Завхан аймагт “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем” нэвтрүүлэх ажлыг Ногоон Алт төсөлтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан веб технологид суурилсан энэхүү систем нь мал эмнэлгийн гэрчилгээ олгох хүртэлх хугацаанд уг мал, амьтан мал эмнэлгийн ямар үйлчилгээнд хамрагдсан гэсэн түүхийг баталгаажуулна. Уг системийг нэвтрүүлснээр мал эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хэрэгжүүлж байгаа мал эмнэлгийн нэгжийн ажлын үр дүнг баталгаажуулах, халдварт өвчингүй аймаг, сумд, нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог дэлгэн харуулах нөхцөл бүрдэнэ. Мөн энэхүү систем нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг багтаасан цогц систем болж хөгжих юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Дашрамд 15.9 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Харин жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3555.4 мянган толгой мал тоологджээ.

Холбоотой мэдээ