Ц.Батцэцэг самбо бөхийн Дэлхийн цомын хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-23 20:38:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотноо өчигдөр эхэлсэн самбо бөхийн "А.Харлампиевын дурсгалд-2019" дэлхийн цомын тэмцээний  эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд 2018 оны дэлхийн цомын аварга ОУХМ Цогт-Очирын Батцэцэг дахин түрүүлж, хошой аварга боллоо.


Өнгөрсөн 2018 оны Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга Ц.Батцэцэг өнгөрсөн хоёрдугаар сард Беларусь улсын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын цомын тэмцээнд түрүүлээд байсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан, Хөвсгөл аймгийн уугуул 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Баасанхүү дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалиар энгэрээ мялаалаа.


"А.Харлампиевын дурсгал-2019" ДЦАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д түрүүлсэн Ц.Батцэцэгийн жинд Дилдаш Куришбаева /Казахстан/ мөнгө, харин хүрэл медалийг Дария Мартинова /ОХУ/, Тифайне Ле Галл /Франц/ нар хүртсэн байна.  


Энэхүү дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр буюу өнөөдөр 15 жингийн аваргууд тодрох юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг, 56 кг, 64 кг, 72 кг, +80 кг, эрэгтэйчүүдийн 52 кг, 62 кг, 74 кг, 90 кг, +100 кг, байлдааны самбогийн 52 кг, 62 кг, 74 кг, 90 кг, +100 кг жингийн шилдгүүдийг шалгаруулна. Манай улсаас 62 кг-д Л.Өнөболд, 74 кг-д Н.Хадбаатар, 90 кг-д Х.Цагаанбаатар, +100 кг-д Д.Пүрэвдорж, байлдааны самбогийн 74 кг-д Б.Төрмөнх нарын тамирчин оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ