"Эко-Алтан заамар" компанийн уурхай гүний ус шүүрснээс үүдэн нуржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-23 10:30:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-аас Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Эко-Алтан заамар" компанийн уурхайд өнгөрсөн сарын 28-нд болсон ослын дүгнэлтийг танилцуулллаа.


Уурхайд нурах гол шалтгаан нь гүний ус зайлуулах асуудлыг уурхайн ТЭЗҮ-д тусгаагүйгээс үүдэлтэй хэмээн үзсэн байна. Анх тус уурхайд геологийн усны судалгаа хийхэд газрын хөрснөөс доош 51 метрийн гүнд ус илэрч байжээ. Гэвч уг усыг зайлуулах асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүйгээс геологийн судалгааны үеэр гарсан усны шүүрэл нуралт үүсгэсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.


Түүнчлэн тус компанийн удирдлагууд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөөгүй, ТЭЗҮ-ийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.


Бидний хийсэн эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур доошоо нэвчсэн байх магадлалтай хэмээн анхлан дүгнэж байсан. Үүнийг лабораторийн шинжилгээгээр уснаас дээж авсны хувьд, дээд талын нуураас доошоо шүүрээгүй юм байна. Энэ бол гидергеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн гэлээ.


Мөн тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд өнгөрсөн сарын 21-нд уурхайд эрсдлийн үнэлгээ хийж, удирдлагууддаа хүлээлгэн өгсөн байна. Уурхайн хананд тогтсон мөс хагарч уналтаас болж ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултайг уг үнэлгээнд дурдсан. Хэрэв уурхайн захирал уг үнэлгээтэй нарийвчлан танилцаж, алдаа, дутагдлаа зассан бол осол гарахгүй байсан гэдгийг МХЕГ-ын улсын байцаагч нар онцоллоо.

Холбоотой мэдээ