Үндэсний түвшинд “Загвар хоршоо”-ны сүлжээг хөгжүүлэх талаар хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-21 20:21:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний хоршоологчдын VI чуулган өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо.

Манай улсын хувьд мал аж ахуйд бэлтгэж буй түүхий эдийг эцсийн хэрэглэгч, үндэсний үйлдвэрүүдэд стандартын дагуу тогтмол, найдвартай хүргэн нийлүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хоршооны үүрэг хувь нэмэр оршиж буйг чуулганаар онцолж байв.

Сумдад ажиллаж буй малчдын байгуулсан анхан шатны хоршоодыг сүлжээ хэлбэрт оруулан ашиглаж, эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэн мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл хүнсээр хангах хоршоодын дундын бүтцийг бий болгох замаар үндэсний түвшинд “Загвар хоршоо”-г хөгжүүлэх боломжтойг өнөөдрийн чуулганаар хөндөж байв.



Цаашлаад оролцогч, аймаг орон нутгаас ирсэн төлөөлөгчид төр, засаг хоршооны тухай бодлогоо тодорхой болгох хэрэгтэй байна, “Малчдад хамгийн ойр дэм тус болдог нь хоршоо юм. Тиймээс Хоршооны хуульд ХАА-н хоршоо гэсэн бүлэг нэмэх хэрэгтэй. Мөн хоршоодод зээл олгодог байх эрхзүй дутагдаж байна. Бидэнд ЖДҮ-гийг хөгжүүлэх сангийн зээл олддоггүй” гэсэн саналуудаа хэлж байв.


Энэ талаар ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогыг боловсруулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяагаас тодруулвал, “Уг нь хоршоологчдыг дэмжих бодлогын олон бичиг баримт гарсан. Заримыг шинэчилж байгаа. Хоршооны тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон. Үүнийг дагалдаад хоршоо хөгжүүлэх хөтөлбөрийг Сангийн яаманд хүргүүлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хоршоодыг хөгжүүлэх талаар “Загвар хоршоодыг байгуулж, хөрөнгө санхүүгээр дэмжих, хоршооны бүтцэд тулгуурлан түүхий эдийн тогтолцоо бий болгох гэсэн нэлээд заалтыг тусгасан. ЖДҮ-гийн хуульд жилд 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, 200 хүртэлх ажилтантай, хоршоо, нөхөрлөл, компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу хоршоо нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах боломж нээлттэй” гэж байв.


Хоршоологчид, “Малчид бидэнд хамгийн ойр дэм тус болдог нь хоршоо юм. Тиймээс Хоршооны хуульд ХАА-н хоршоо гэсэн бүлэг нэмэх хэрэгтэй. Мөн хоршоодод зээл олгодог байх эрхзүй дутагдаж байна. Бидэнд ЖДҮ-гийг хөгжүүлэх сангийн зээл олддоггүй” гэсэн саналуудаа хэлж байв



Манай улсад 4377 хоршооны 150 мянга шахам гишүүн бүртгэлтэй байгаа ч хоршоодын 40 орчим хувь нь л тогтвортой үйл ажиллагаа явуулж буйг өнөөдрийн чуулган дээр мэдээлж байв. Хоршооны асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь ХХААХҮЯ бөгөөд Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны хувьд гишүүн салбар холбоодтой хамтран хоёр жилд нэг удаа чуулж ийнхүү тулгамдсан асуудлаа хэлэлцдэг юм.

 

 Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ