"Хүүхэд хүүхдийнхээ төлөө нэгдэж байна" уриан дор хандивын тоглолт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-21 12:38:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс "Ах эгчийн халуун хайр" хандивын тоглолтыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн Тэмүжин театр, аймгийн төвийн ЕБС-иуд, Политехник коллеж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвтэй хамтран зохион байгууллаа.

Хандивыг зүрхний ховдол хооронд хоёр цоорхойтой, уушигны даралт өндөртэй гурван настай хүү Гантулгын Анхбаярын эмчилгээний зардалд зарцуулах аж. "Хүүхэд хүүхдийнхээ төлөө нэгдэж байна" уриан дор зохион байгуулсан тус тоглолтод хүүхдүүд урлагийн 24 үзүүлбэрээр оролцож, тус тус гурван удаа үзэгчдэд толилуулсан байна.

Мөн тоглолтын тасалбарыг оюуны индэр илтгэлийн клубын гишүүд болон аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд бүх албан байгууллага, сургуулиудаар явж борлуулан, хандивын хайрцгийг аялуулсан байна. Тус хандивын тоглолтоос 3.6 сая төгрөг цугласан бөгөөд байгууллага, хувь хүнээс ирсэн хандивуудыг хамтатган Г.Анхбаяр хүүгийн гэр бүлд гардуулан өгчээ.

Холбоотой мэдээ