С.Амарсайхан: Казах түмэн улс, нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-20 19:14:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казах үндэстний уламжлалт, олон улсын Наурызын баярыг угтсан “Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр СТӨ-нд боллоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн тоглолтонд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан оролцов.

Тэрээр хэлсэн үгэндээ, үе үеийн ажилч хичээнгүй казах түмэн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ Монгол Улсын болон нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг дурдаад, Наурызын баяр бол казах түмний түүх, ёс заншил, өв уламжлалаа өвлүүлэн уламжлуулдаг үндэсний онцлогтой сайхан баяр. Нийслэлд төдийгүй улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ өнө эртнээс уламжлан ирсэн энэхүү баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Хүндэтгэлийн тоглолтод казах түмнээс төрөн гарсан шинэ залуу уран бүтээлчид болон Хурд хамтлаг, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцож ая дуугаа өргөлөө.

Холбоотой мэдээ