Идэр сум энэ жил дахин царгас тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-18 17:07:12

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Идэр сум өнгөрсөн жил анх удаа бэлчээр тэжээлийн олон наст ургамал болох шар царгасыг 50 га талбайд "Мерси Кор" олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттайгаар тариалжээ.

Өнгөрсөн жил амжилттай ургац авсан бөгөөд малчдад тэжээлийн ургамал тариалах талбай гаргаж фермер, эрчимжсэн мал аж ахуй хослуулан эрхлэх ажлуудыг өнгөрсөн жил хийжээ. Харин энэ жил царгас тариалах талбайгаа хоёр дахин томсгон нэмж 12 малчин царгас тариалахаар болжээ. Ер нь царгасыг бид маш сайн тариалж малаа тэжээж чадвал мал осгож үрэгдэхгүй, амьдын жин нь улам л нэмэгддэг ашигтай ургамал юм.

Тухайлбал, нэг кг царгасны өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг гэж судлаачид хэлсэн байдаг.

Түүнчлэн царгасны өвс шимт чанараараа байгалийн хадлангаас дөрөв дахин, ногоон тэжээлээс гурав дахин илүү. Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь эсрэгээр, хөрсний үржил шимийг нөхөн сэргээхэд онцгой ач холбогдолтой таримал юм билээ. Түүнээс гадна жилд хоёр удаа хадаж авах боломжтой. Тиймээс тус сумынхан энэ жил энэхүү ашигтай ургамлыг дахин тариалж байгаа нь энэ юм. Цаашид га-гаас авах ургацаа нэмэгдүүлэх, тариалалт хийж буй малчдын тоог нэмэх, чадваржуулах, талбайн хэмжээгээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ