Д.Болдсүх: Монгол залуус Япон техникийг Канад, Австралийн менежментээр сурч эзэмшиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-03-18 10:42:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 10-12-нд манай улсад болох “Mongolia Mining-2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар ерөнхий ивээн тэтгэгч “Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхээс тодруулав. 

-Танайх “Mongolia Mining-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр гурав дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Энэхүү үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч компаниар оролцох ач холбогдол нь чухам юу вэ?

-Оролцогчийн хувьд, бид энэ үзэсгэлэнд Японы Комацу брэндээр 5 дахь жилдээ хамрагдаж байна. Ер нь энд оролцогч байгууллагууд болон үзэсгэлэнгийн цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж ирлээ. Тиймээс энэ үзэсгэлэнд ач холбогдол өгдөг. Манай компанийн тухайд бидний алсын хараа бол Монголын зах зээл дээр уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн шилдэг нийлүүлэгч болоход чиглэдэг. Тиймээс ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын гол ач холбогдол нь уул уурхайн компаниудад зах зээл дээр эзэлж байгаа байр сууриа бататган таниулах, компанийн хувьд богино хугацаанд тоног төхөөрөмжийн зах зээл дээр хамгийн нөлөө бүхий тоглогч болсныг илтгэн харуулахад оршдог.

Түүнчлэн чанар, үнэ үйлчилгээний хувьд өөрийн өвөрмөц онцлогтой Япон техникийг канад, австрали менежментээр монгол залуучуудын ажлын арга барилд амжилттай нэвтрүүлж байгааг сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Тиймээс бид энэхүү үзэсгэлэнг ивээн тэтгэж, санхүүгийн хувьд дэмжиж туслахаас гадна, зохион байгуулагчдад өөрсдийн зүгээс ач холбогдолтой санал зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг.Mongolia Mining шиг олон улсын чанартай, зохион байгуулалт сайтай үзэсгэлэн яармаг тогтмол зохион байгуулагдаасай гэж боддог.

-Салбарын төлөөллийн хувьд Монголын уул уурхайн ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ойрын жилүүдийг бид маш өөдрөгөөр харж байгаа. Ялангуяа Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх, Баялгийн сангийн талаар УУХҮ-ийн сайдын гаргаж буй санал санаачлага нь уул уурхайн салбарт дорвитой эерэг өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн эрэлт, хэрэгцээ, үнийн өсөлт зэрэг нь Монгол Улс шиг уул уурхайгаас төсвийн зонхилох орлогоо бүрдүүлдэг оронд маш таатай он жилүүд байх болов уу гэсэн хүлээлттэй байна.  


-Энэ жилийн үзэсгэлэнд танайх ямар шинэ бүтээгдэхүүн танилцуулах вэ?

-“Комацу үйлдвэрээс жил бүр олон технологийн дэвшлийг агуулсан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлдэг. Бид энэ удаа Комацу-PC1250 экскаватор, шинэ загварын HD465 авто самосвалыг танилцуулах гэж байна. Мөн газарт ажиллах эд анги үйлдвэрлэгч “Hensley” брэндийн төлөөлөгчид үзэсгэлэнг зорин ирж  бүтээгдэхүүнээ танилцуулах юм гэв.


Ес дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Mongolia Mining-2019”-д Австрали, АНУ, Англи, Беларусь, Канад, БНХАУ, Финланд, Герман, Итали, Казакстан, ОХУ зэрэг 20-иод орноос 150 гаруй компани оролцохоор бүртгүүлээд байна. 

Холбоотой мэдээ