Улиастайн 2000 цэргийн бослогыг өгүүлсэн кино нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-15 10:37:54

Завхан/МОНЦАМЭ/. Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "2000" уран сайхны киноны нээлт уг түүхэн явдлын өлгий нутаг Улиастайд боллоо. Манж Чин Улсын дарлалын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөө тулалдаж тэмцэж байсан монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.

“2000” уран сайхны киноны зохиолч, Ерөнхий продюсераар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажиллажээ. Киноны хөгжмийг Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан бичиж, тусгай тоглолтыг чуулгын уран бүтээлчид тогложээ. Манжийн дарлалын хүндхэн цаг хугацааг бодитоор харуулахыг зорьж, эх орон, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг эргэн мэдрэх боломжийг олгосон “2000” түүхэн уран сайхны киноны нээлтэд зохиолч, Ерөнхий продюсер, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, киноны гол дүрийн жүжигчид болох Ардын жүжигчин П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Цэрэнболд, ерөнхий найруулагч Б.Отгонзориг нарын төлөөлөл, аймгийн удирдлагууд оролцлоо. 

Нээлтийн үеэр кино зохиолыг бичсэн П.Батсайхан хэлэхдээ: Энэ киноны түүхэн эх сурвалж Завхан аймгаас төрсөн хутагт хувилгаадыг 40 жил судалсантай холбоотой. Монголын сэргэн мандалтын үеийн төр тогтолцооны үеийн түүхэнд хаягдах шахам болсон Улиастайн 2000 цэргийн бослогын талаар бичих сэдэл маань төрсөн. Түүхээ судалж Мөхөх төрийн бодлогон дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна гэдгийг олж харсан. Цэцдээ сонсдоггүй ноёд төр, цэргээ хамгаалдаггүй төрийн бодлогыг Улиастайн 2000 цэргийн бослого бодитоор нь харуулсан гэдгийг өгүүлэхийг хичээсэн. Улиастайчууд та бүхэн, ус нутгийнхан минь киног үзэж дор бүрнээ нэгийг тунгааж бодох нь зүйн хэрэг” хэмээв.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймгийн хүндэт иргэн цол тэмдгийг кино зохиолыг бичсэн Яруу найрагч, хутагт судлаач, УГЗ П.Батсайханд олгож буйгаа зарлаж гол дүрийн жүжигчдэд дурсгалын зүйл гардууллаа.

“2000” түүхэн уран сайхны кино аймгийн Хөгжимт жүжгийн театрт гарч 400 гаруй хүн үзжээ. Тус кино энэ сарын 13-15-ны өдрүүдэд гарах бөгөөд түүхэн дүр болох цэрэг Онолт, Энхтайваны төрсөн нутгуудад, гарч үргэлжлэн 21 аймагтаа нээлт хийх юм байна. 


Наробанчэн гэгээн гардаг хэсгүүд дээр бахархал шархиралыг зэрэг мэдэрлээ

Тус киноны үзэгч Б.Баяржавхлан: “Киноны хөгжим бол киноны "хэл" байлаа. Соёлын тэргүүний ажилтан Ариунбямба, Болд-Эрдэнэ, Батаа, Цэрэнболд нар яах аргагүй энэ цагийг эзэлсэн жүжигчид аж. Хийлч Дээгий манж амбатны санааг самууртал дурлуулсан халх эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээж, Ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр нар ёстой л Монголын ард түмэн бахархахаас аргагүй уран бүтээлчид гэдгээ харуулжээ. Нүүр будалт, дүр хувиргалт бол ярих юмгүй мэргэжлийн байлаа. Наробанчэн гэгээн гардаг хэсгүүд дээр бахархал шархиралыг зэрэг мэдэрч, 9 эрүү давж буй Онолт болон хэдийнэ амь дүйсэн хүүгээ харуулдсаар хараагүй болсон эхийн хэсэг дээр нулимс мэлтрэв. "Монголчууд өргүй амьдрах ёстой" хэмээн цэрэг Энхтайван өрийн дансыг шатааж манжийн эсрэг тэмцсэн ялалтын уухайг цэргүүдтэйгээ хашгирахад огшиж, "Цэцдээ сонсдоггүй төрийн зовлонг бид туулсаан" хэмээн төгсөхөд өөрийн эрхгүй алга ташин суудлаасаа өндийсөн. Дүрүүдийн хэлж буй үгс монгол хүн, монгол оюун санааны царыг илтгэсэн голчтой, утга төгөлдөр байгаа нь кино зохиол дээр ажилласан зохиолчдын мэргэн ухаан, авьяас билигийнх байв. 2000 киноны багийнханд, хамтран ажилласан ивээн тэтгэгчдэд нь халуун баяр, талархлаа илэрхийлж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ