Хэрэглээний барааны үнэ өмнөх оныхоос 6.9 хувь өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-12 18:45:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлснээр, өргөн хэрэглээний барааны үнэ энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.9 хувиар өсжээ.

Инфляцийн түвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны ундаа, усны бүлгийн үнэ, хувцас бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Хэрэглээний үнэ өмнөх оны эцсээс 1.1 хувиар өсөхөд хүнсний бараа дотроо мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан тайлбарлалаа.

Энэ оны эхний хоёр сарын статистик мэдээллээс харвал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс буурчээ. Тодруулбал, ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны эхний хоёр сарын байдлаар 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28 тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 3.4 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 926.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 92.2 тэрбум төгрөгөөр өссөн бол өмнөх оноос 66.2 тэрбум төгрөгөөр буурсан гэв.

Мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.7 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин өмнөх оны мөн үеэс 3.7 их наяд төгрөгөөр буюу 23.1 хувиар өссөн байна.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны хоёрдугаар сард 2633.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар суларсан бол төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш хоёрдугаар сард 390.81 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар тус тус суларчээ.

Холбоотой мэдээ