Амьсгалын замын халдварт өвчний тохиолдол их хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-12 17:33:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд 2018 онд улаанбурхан өвчний 229068 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг оронд улаанбурхны дэгдэлт гарчээ. Манай улсад энэ сарын 11-ний байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд болон Говьсүмбэр аймагт тус бүр нэг тохиолдол  бүртгэгдсэн байна.


Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 24.056 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4  хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол их хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын 4 тохиолдол,  хүүхдийн эндэгдэл нэг бүртгэгджээ.


Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтэнд ХӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран сургалт зохион байгууллаа.


“Амьсгалын замын цочмог халдварт өвчний эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалтаар “Улаанбурхан өвчний өнөөгийн байдал; дэлхий дахинд болоод Монгол Улсад",  "2015, 2016 оны нэмэлт дархлаажуулалт, дархлал тогтцын судалгааны үр дүн”, “Халууралт, тууралтат хам шинжийн тандалт, улаанбурхан өвчний тандалт хариу арга хэмжээ”, “Улаанбурхан өвчний эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, бусад халууралт тууралтат халдвараас ялган оношлох нь” зэрэг сэдвээр мэдээлэл өгөв. 

Холбоотой мэдээ