“SB womens expo”-оор дамжуулан эмэгтэйчүүд мэдээллээ худалдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-08 23:14:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, клуб, худалдаа үйлчилгээний байгууллагуудыг хамруулсан “SB womens expo” арга хэмжээ боллоо. Нэг чиглэл зорилго бүхий байгууллагууд хоорондоо туршлага солилцох, нэгдэх цаашлаад эмэгтэйчүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий тус арга хэмжээг "Хатан сан" ТББ-аас санаачлан хийжээ.

Тус ТББ-ыг 2018 оны 03 дугаар сард, аймаг орон нутгийнхаа эмэгтэйчүүдийг дэмжих, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор байгуулжээ.

“Бараа бүтээгдэхүүний худалдаа гэж байдаг шиг мэдээллийн худалдаа гэж бас бий. Үүнийг л энэхүү арга хэмжээгээрээ харуулахыг хүссэн. Манай аймгийн хувьд ийм төрлийн арга хэмжээ анх удаа болж буй гэдгээрээ онцлог. Өнөөдрийн арга хэмжээнд зорин ирсэн олон эмэгтэйчүүд эрүүл мэндийн, гоо сайхны, ном шинжлэх ухааны, танин мэдэхүйн гээд олон талын мэдээллийг өөр хоорондоо худалдаж байна. Мөн эмэгтэйчүүдийнхээ дунд азын сугалаа, эсээ бичлэгийн уралдаан зэрэг олон ажлыг бусад байгууллагуудтайгаа хамтран хийж байна” гэх мэдээллийг Хатан сангийн дэд тэргүүн М.Энэбиш өглөө.

Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18 байгууллага “SB womens expo”-д оролцож, өөрсдийн үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцсон юм.

Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Нарантуяа, “Анги маань 2011 онд байгуулагдаж, үүнээс хойш нэг жилийн дараа ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсан. Одоогоор зөвлөлийн дарга болон таван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цэргийн эмэгтэй хүн гэдэг бүхий л эмэгтэйчүүдийн манлайлагч байх ёстой гэдэг үүднээс бид аливаа арга хэмжээг зохион байгуулах, оролцохдоо үргэлж манлайлахыг зорьдог. Өнөөдрийн энэ арга хэмжээнд анги хамт олноо сурталчилсан, бусад эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцаж, туршлага судалсан үнэхээр сайхан шинэлэг үйл ажиллагаа болж байна.

Тархи цэнэглэгч номын клубын Сүхбаатар аймаг дахь салбар клубын санаачлагч Б.Пагмаа, “Манай клуб шинэхэн байгуулагдсан. Гишүүдийн ихэнх нь залуучууд болон арван жилийн сурагчид байдаг. Тиймээс номоор дамжуулан хүмүүсийг хооронд нь танилцуулах, улмаар бусдадаа эерэгээр нөлөөлье гэж зорьж байгаа. Хамгийн анхны уулзалтаа 30 гаруй хүнтэйгээр хийж, олон сайхан номын талаар ярилцсан. “SB womens expo арга хэмжээнд оролцсоноор клубын үйл ажиллагаагаа сурталчилж, гишүүнчлэлийн эгнээгээ тэлж байна. Удахгүй хоёр дахь уулзалтаа хийхээр төлөвлөөд сууж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ