М.Помпео НҮБ-ын тусгай төлөөлөгч Г.Педерсентэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-07 09:45:14

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мягмар гарагт НҮБ-ын Сирийн хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Гейр Педерсентэй уулзсан тухай АНУ-ын Төрийн департамент мэдээлэв.


Төрийн департаментын мэдэгдэлд тэмдэглэснээр, М.Помпео болон Г.Педерсен нар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 дүгээр тогтоолын дагуу НҮБ тэргүүтэй улс төрийн үйл ажиллагаан дахь АНУ-ын дэмжлэгийг үргэлжлүүлэх талаар хэлэлцсэн ажээ.


Сирид Үндсэн хуулийн шинэчлэл хийх болон нээлттэй, шударга сонгуулийн бэлтгэл ажлыг хангах зэрэг улс төрийн шийдвэр гаргах явцад НҮБ-ын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд АНУ-ын засаг захиргаа бэлэн байгааг М.Помпео илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, зөрчил намжиж буй тус бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхол нь олон хүний амийг аварч, улс төрийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахад оршдог гэж хэлжээ.


Түүнчлэн хүмүүнлэгийн тусламжид саад тотгор учруулахгүй байх хийгээд дотооддоо шилжин суурьшсан, гадаадын орнууд руу дүрвэсэн иргэд эх орондоо аюулгүй, сайн дураараа эргэн ирэхийн чухалыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцолсон байна.

Холбоотой мэдээ