Тавантолгойн төмөр замын дэд бүтцийн ажлыг хүлээлцэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-03-05 16:51:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит “Монголын төмөр зам” компанийн ТУЗ өнөөдөр хуралдаж байна.

Хурлаар Тавантолгой, Гашуун сухайт төмөр замын дэд бүтцийн ажилд хийсэн аудитын дүнг хэлэлцэн, одоо байгаа эд хөрөнгө болон дэд бүтцийн ажлыг “Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгөх гэж байна. Тодруулж хэлбэл, “Монголын төмөр зам” ТӨХК төслийн явцад хийсэн доод бүтцийн ажил болон кэмпүүд дээрх холбогдох эд хөрөнгийг “Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгнө. Аудитын дүнгээр, энэ нь 276 сая ам.долларын эд хөрөнгө юм. Ажил хүлээлцсэнээр төмөр замын төслийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэж “Тавантолгой төмөр зам” компаниас мэдээлж байна.

Одоо “Тавантолгой төмөр зам” компани бичиг баримтаа бүрдүүлж, мөн төв оффисын болон замын хэсэг гэсэн гурван чиглэлээр ажил хүлээлгэх хэсэг гарган төмөр замын ажлыг сарын хугацаанд хүлээн авах гэж байна. Тавантолгой төмөр замын гол хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК байх юм.



Тус компани Засгийн газрын 242-р тогтоолд зааснаар, төмөр замын ажлыг үргэлжлүүлэх хөрөнгө гаргах үүргийг хүлээж байгаа юм. Одоогоор төмөр замыг 30 сард барьж дуусгах боломжтой гэсэн ерөнхий төлөвлөгөөтэйгөөр, ерөнхий гүйцэтгэгчээр Монголын компани, туслан гүйцэтгэгчээр гадаад, дотоодын компаниуд оролцон ажиллахаар байгаа аж.

Өнөөгийн байдлаар, Тавантолгойн төмөр замын дэд бүтцийн ажилд 280 сая ам.доллар зарцуулаад байгаагаас газар шорооны ажлын 80 хувийг, гүүр, ус зайлуулах хоолойн ажлын 50 хувийг хийсэн дүн мэдээтэй байна. Өнгөрсөн гурван жилд төмөр замын ажлыг хийгээгүй. Мөн үерийн улмаас зарим газар далан сэтэрсэн, хилийн огтлолын цэг зөрсөн зэргээс болж өмнө нь гаргаад байсан ТЭЗҮ-г өөрчлөхөөр болж буйг албаныхан мэдээлж байна.


 

Холбоотой мэдээ