Уламжлалт соёлоо сургалтын агуулгадаа ашигласан нь олны талархлыг хүлээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬТаван хошуу мал маллах, дээс томох, утас ээрэх, ингэний буцалгаа хийх зэрэг нүүдлийн мал аж ахуйн соёлоос монголчууд хөндийрч буй шалтгаан нь уламжлалт соёл зан заншлаа огт хэрэглэхгүй байгаатай холбоотой гэж хөдөөгийн багш нарын төлөөлөл ярилаа.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эх түүхээ мэддэг, эх орноороо бахархдаг, өөртөө итгэлтэй, чөлөөтэй сэтгэдэг “Зөв монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд багш нар сургалтын агуулгадаа орон нутгийн онцлогийг харгалзан үзсэн нь бусад сургуульд санаа авмаар, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн чухал ажил болжээ.
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын сургуулийн багш нар “Тэмээний соёл” сэдвийн дагуу “Амьдрах чадвар”, “Урлал”, “Урлаг” гэсэн гурван багт хүүхдүүдийг хувааж зохион байгуулсан нь хүүхдүүдэд мэдлэг олгох зөв ажил болсон аж. “Амьдрах чадвар” баг ингэ хөөслөх, дээс томох, утас ээрэх, буйл зорох, ингэ саах, тэмээ ноослох, буцалгаа хийх, тэмээн уралдаан болон тэмээ цоллосон бол “Урлал” баг сийлбэр, уран зураг, эсгий эдлэл, шигтгээн наамал зэрэг гар урлалын үзэсгэлэн гаргаж “Урлаг” баг Д.Равжаагийн “Гурамсан сүлжээ”, дуу, шүлэг, магтаал уншиж сурсан зүйлээ тайлагнажээ.
Харин сурагчид тэмээ хомнон жингийн цуваа хийж өөрсдийн хийсэн хэлхээ тоонотой гэрээ барьж, монгол зан үйл, ахуйн соёлоо нэг бүрчлэн хийж үзүүлсэн аж. Харин Сайншандын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль “МОНГОЛ НААДГАЙ” сэдвийн дагуу “Арга билиг”, “Оюуны хөтөч”, “Эрч хүч” гэсэн хувааж баг бүр өөрсдийн багийн орчин анги танхимаа шагай, хөлөгт тоглоом, оньсон тоглоомын орчин болгон тохижуулсан байна.
Х.Эрдэнэбулган