Шар усны үерээс сэргийлэх ажлын хэсэг ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-01 15:32:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг төвийн 6 дүүргийн үерийн далан суваг, зам талбайн борооны усны зайлуулах шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээ авч ажиллах юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2.5 тэрбум төгрөгөөр 30 байршилд 140 км үерийн далан, 180 байршилд 170 км хөрсний болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээнд цэвэрлэгээ үйлчилгээ явуулахаар “Геодези, Усны барилга байгууламжийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр мэдээллээ.

Тэрээр, “Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн айл өрх, гудамж талбай мөстөж хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер миний бие газар дээр нь танилцаж, хор уршгийг арилгахад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 196 сая төгрөг шийдвэрлэсэн” гэв.    

Мөн гадаадын зээл тусламжийн хувьд, НҮБ-ийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллын үерээс хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая доллар шийдвэрлэж, 3 жилийн хугацаанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 7 хорооны захиргаа, иргэдийн оролцоотойгоор хэрэгжинэ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25; Сүхбаатар дүүргийн 12, 13, 16; Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороодод мөн төсөл хэрэгжихээр болсон гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ