Улаанбаатар хотноо Кувейт улс тусгаар тогтносны 58 жил, чөлөөлөгдсөний 28 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2019-02-28 15:46:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кувейт улс тусгаар тогтносны 58 жил, чөлөөлөгдсөний 28 жилийн ойн баярыг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр үдэш Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд ёслон тэмдэглэв.

Түүхт ойн ёслолд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс, Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, дипломат корпусын төлөөлөгчид зэрэг нэр хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцлоо.    


Монгол Улс, Кувейт улсын хооронд 1975 оны зургадугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон юм. Монгол Улс ЭСЯ-аа 2009 онд Эль-Кувейт хотноо, Кувейт Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотноо 2010 онд нээсэн байна.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: “Кувейт улс тусгаар тогтносны 58 жил, чөлөөлөгдсөний 28 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Кувейт улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын алсын хараатай, ухаалаг бодлогын үр дүнд тус улс хэдхэн 10 жилийн дотор үсрэнгүй хөгжиж бүс нутаг болон олон улсын түвшинд чухал байр суурь эзлэх болсныг тэмдэглэхэд таатай байна. Үүний тод жишээ нь, Кувейт улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон амжилттай ажиллаж байгаа явдал юм" хэмээн тэмдэглээд "Манай улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудаас хамгийн анх Кувейт улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2020 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Энэ хүрээнд, бид тодорхой ажлуудыг эртнээс төлөвлөж эхлээд байгаа. Манай хоёр орны улс төрийн  харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд дээд түвшний харилцан айлчлал тогтмолжоод байна. Миний бие өнгөрсөн оны 12 дугаар сард Кувейт улсад албан ёсны айлчлал хийж Кувейтийн Эрхэм дээд Эмир болон Ерөнхий сайд нарт бараалхаж, Гадаад харилцааны сайдтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийсэн. Айлчлалын хугацаанд намайг найрсаг дотно хүлээн авсан Кувейтийн талд энэ ялдамд дахин талархал илэрхийлье.



Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан манай улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөнгөлөлттэй зээл өгч, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт буцалтгүй тусламж олгосонд Монголын ард түмэн талархаж байдаг. Энэ бол манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны нэг тод илрэл юм.

Кувейт улсын Засгийн газрын 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв барих төсөл амжилттай хэрэгжиж барилгын ажил 60 гаруй хувьтай байгаа бөгөөд 3 дугаар улиралд ашиглалтад орох гэж байна. Энэ оны дөрөвдүгээр сард хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Тус уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал болон бүс нутгийн талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ хоёр улсын бүх талын хамтын ажиллагааны суурь асуудлаар байр сууриа харилцан илэрхийлсэн өндөр ач холбогдолтой уулзалт болно гэдэгт итгэлтэй байна. Кувейт улсын НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ажиллаж байгаа туршлагаас нь манай улс суралцаж цаашид энэ хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Бид цаашид эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт болон бүх талаар хамтран ажиллах болно" хэмээн онцоллоо.  

 

Монгол Улс, Кувейт улсын хамтын ажиллагааны гол салбар, чиглэлийн талаар товч сонирхуулж байна. Өнөөдрийн байдлаар, Кувейт Улс Монгол Улсад нийт 78.04 сая ам. долларын зээл олгож, 17.24 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна. Үүнээс томоохон тусламж, зээлийг дурдвал: Кувейтийн Сангийн санхүүжилтээр 1996-2010 онд Дархан-Эрдэнэтийн хооронд 181 км, Эрдэнэт-Булган-Уньтын хооронд 146 км, Уньт-Тариалангийн хооронд 88 км, нийт 415 км авто замыг барихад 58.26 сая ам.доллар олгожээ. Мөн Говь Алтай аймагт Тайширын усан цахилгаан станцыг барихад 19.78 сая ам.долларын зээл олгосон. Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт 2018 оны 7 дугаар сарын 18-нд гарын үсэг зурсан. Энэ онд уг ажлыг эхлүүлэх юм.

Хоёр улсын иргэд харилцан зорчихдоо дипломат болон албан паспорт эзэмшигчид визгүй, энгийн паспорттой иргэд визтэй зорчдог. Кувейт улсад өнөөдөр Монгол Улсын 15 орчим иргэн амьдардаг.

Баруун өмнөд Азид орших Кувейт улс нь 1961 онд Их Британийн ивээлээс гарч тусгаар тогтносон бөгөөд 1990 онд Иракт эзлэгдэн, нэг жилийн дараа буюу 1991 онд чөлөөлөгдөж байсан юм. Персийн булангийн умард үзүүрт байрлах Кувейт улс хуурай газраар Ирак, Саудын Арабтай хиллэдэг. Нийт 17.8 мянган км кавдрат газар нутагтай, 4.3 сая хүн амтай. 1938 оноос газрын тос ихээр олборлож, нэг хүнд ноогдох орлогоор дэлхийд эхний 10-т ордог амьжиргааны түвшин өндөртэй улс юм.

Холбоотой мэдээ