Оёдлын ээлжит сургалтад он гарсаар 100 орчим эмэгтэй хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-27 14:25:29

Завхан/МОНЦАМЭ/.Богд Шүтээн ХХК Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагатай хамтран он гарсаар гурван сумын 97 эмэгтэйг европ болон монгол хувцасны оёдол эсгүүрийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж, төгсгөжээ.

Оёдол эсгүүрийн энэ сургалтад Отгон, Цагаанчулуут, Улиастай сумын зорилтот бүлгийн эмэгтэйчүүдхамрагдаж, цаашид оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах чадамжтай болсон байна. Богд Шүтээн ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр өрх толгойлсон болон, ажилгүй иргэдэд оёдлын сургалтуудыг шат дараатай зохион байгуулдаг ажээ. Өнгөрсөн жил тус компанийн захирал Монгол Улсын мастер оёдолчин С.Алтанцэцэг  Улиастай сумын ажилгүй, өрх толгойлсон 75 эмэгтэйд нэг сарын сургалтыг үнэ төлбөргүй явуулж хамгийн сайн төгсөгчдөө ажлын байранд зуучилж өгчээ.

-Сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдээс сумандаа очиж хувиараа оёдлын цех ажиллуулж, өрхийн эдийн засгаа сайжруулж байгаа хүмүүс бий. Миний хувьд сургалтад суусан эмэгтэйчүүддээ тодорхой хэмжээний үнэ бүхий материалыг бэлэглэдэг. Эдгээр эмэгтэйчүүд, шавь нар маань анхны материалаа хүлээн авч иргэдээс захиалга аван өөрсдийн хувийн бизнесээ эхлүүлэх бүрэн боломжтой болдог юм. Өнгөрсөн жилийн төгсөгч эмэгтэйчүүд өнөөдөр тус бүр ажлын байртай, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон нь манай сургалтын давуу тал юм хэмээн Богд Шүтээн ХХК-нийн захирал С.Алтанцэцэг хэллээ.

Холбоотой мэдээ