Дарханчууд ирэх сард гэрлэх ёслолын өргөөтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-27 11:56:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Гэрлэх ёслолын өргөө байгуулж байгаа билээ. Энэхүү ажил нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг аж. Өнгөрсөн оны 9 дүгээр сард эхэлсэн ажил өнөөдрийн байдлаар 98 хувьтай байна.

2019 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Гэр бүлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд гэр бүлийн бат бэх, ариун нандин чанарыг хадгалах, хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсч торних зэрэгт анхаарлаа хандуулж тэдгээрт чиглэгдсэн ажлуудыг жилийн турш шат дараатайгаар хийх болсны нэг нь Гэрлэх ёслолын өргөө юм.

Тус өргөө ашиглалтад орсноор Цагаан эсгийн ёслол, Төрийн хүндэтгэлийн ёслол, Гал асаах ёслол, Цагаан сүүний ёслол, Гарзын үүд хааж, олзны үүд нээх гэсэн үндсэн таван ёслол үйлдэх аж.

Мөн шинээр гэр бүл болж буй хосуудад гэр бүлийн үнэ цэнэ, сурагчид болон албан хаагчдад гэр бүлийн бат бэх харилцаа, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг лгох, Монгол өв уламжлал, ёс заншлын талаарх сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус ажлын нээлтийг ирэх сард хийх аж. Цаашид өргөөний гадна талбайн автомашины зогсоолыг тэлэх, тус хэсгийн зам талбайг засаж шинэчлэх ажлыг хийх юм.

Тус гэрлэх ёслолын өргөөний нээлт ирэх сард болох бөгөөд мянган мянган залуучууд төрөлх хотдоо гэрлэх ёслолоо хийх боломж нээгдэж байна.

 

 

Холбоотой мэдээ