Л.Оюун-Эрдэнэ: МОНЦАМЭ агентлаг гадаад сурталчилгааны үндсэн цонх байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-22 15:17:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр МОНЦАМЭ агентлагт өнөөдөр зочилж, ажилтан, албан хаагчдын санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонссон юм. Уулзалтын эхэнд, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг, 98 жилийн түүхтэй төрийн  мэдээллийн агентлагийн ажилтай танилцахаар хүрэлцэн ирсэнд нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлэв.

Мөн тэрээр, МОНЦАМЭ агентлаг нь 98 жилийн түүхтэй, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, өдөр тутамд болж бyй үйл явдлыг мэдээлж, гадаадад сурталчилдаг байгууллага гэдгийг танилцуулав.

Өнөөдрийн байдлаар, тус агентлаг англи, хятад, орос, япон хэлээр сонин, сэтгүүл, цахим хуудсыг эрхлэн гаргахаас гадна монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүмүүн бичиг” сониныг гаргаж байгаа юм.

Chimgee Chimgee-н зураг.
МОНЦАМЭ агентлаг нь Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Мөн Reuters, VOA, ТАСС, Xinhua, Kyodo news, Nikkei, Yonhap, Anadolu, Russia Today, KCNA зэрэг дэлхийн нэр хүнд бүхий 20 гаруй мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээтэй, мэдээ мэдээллийг нь албан ёсны эрхтэйгээр дотоодын уншигчиддаа хүргэж байна. Түүнчлэн Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын /OAНA/ гишүүнээр 1981 онд элсэж, 35 орны 44 мэдээллийн агентлагт Монгол Улсын талаар мэдээ мэдээлэл дамжуулж байна.


Гэвч 1998 онд батласан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасантай холбоотойгоор МОНЦАМЭ агентлагийн төрийн статус 2005 оноос тодорхойгүй байдалд шилжсэн. Үүнийг хуулиар шийдвэрлэхээр ХЗДХЯ-тай хамтран ажлын хэсэг гаргаж, 2007, 2011 онд хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барьсан ч шийдэгдээгүй өдийг хүрсэн. Олон улсад үндэсний мэдээллийн агентлаг нь Засгийн газрын болон Парламентын, тэрчлэн Ерөнхийлөгчийн ивээл дор ажилладаг практик зонхилдог. Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын хувьд, мэдээллийн агентлаг нь 100 хувь төрийн мэдэлд ажиллаж, нэг сувгаар улс орноо гадаадад сурталчлах гол эх сурвалж болж байна.


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол Улсыг гадаадад сурталчлах албан ёсны цонх МОНЦАМЭ агентлагаас өөр байхгүй. Монгол Улсын талаар дэлхий нийтэд зөв мэдээлэл хүргэх нь Засгийн газар болон МОНЦАМЭ агенлагийн хамтын ажиллагаанаас шууд хамаарна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулсан. Энэ нь хууль зөрчиж, хувьд олгосон стратегийн орд газраа төрийн мэдэлд эгүүлэн авах зорилготой. Гэтэл гадаадын ихэнх хэвлэлд Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийнхээ өмчийг “дээрэмдэж” байгаа мэтээр мэдээлсэн. Тиймээс Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах, олон улсад зөв мэдээлэл түгээхэд МОНЦАМЭ агентлаг хэмээх энэ том бүтцэд түшиглэх нь чухал юм" хэмээн онцлов.

Түүнчлэн тэрээр, МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн бусад томоохон агентлагуудын загварыг судлах зэргээр хөгжлийн гарцаа 14 хоногийн дотор дахин танилцуулахыг чиглэл болголоо.

Холбоотой мэдээ