“Huawei” компани Канадад үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-02-22 13:19:31

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компани АНУ-аас үзүүлж буй дарамт шахалт болон Оттава-Бээжингийн хооронд үүсээд буй геополитикийн хурцадмал байдлыг үл харгалзан Канадад үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.


Гар утас болон харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Huawei” компаниас пүрэв гарагт мэдээлснээр, Канадад судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлийн 200 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөж байгаа ажээ.


“Дэлхийн орчин үеийн технологи өндөр хөгжсөн орнуудын нэг болох Канадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсондоо баяртай байна” гэж “Huawei” компанийн Канад дахь салбарын ерөнхийлөгч Эрик Ли хэлсэн байна.  


АНУ холбоотон орнууддаа “Huawei” компанийн бүтээгдэхүүнээс эхлээд шинэ үеийн “5G” утасгүй сүлжээг нэвтрүүлэхээс татгалзахыг уриалж буй энэ үед дээрх шийдвэр гарсан юм. АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр, БНХАУ-ын Засгийн газар “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглан бусад улс орнуудыг тагнаж болзошгүй аж.


Харин Huawei” компанийн бүтээгдэхүүнүүд үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гэх дээрх мэдээллийг компанийн зүгээс үгүйсгэсээр байгаа юм. Мөн тагнуул хийх хүсэлт Бээжингээс огт ирж байгаагүй гэж мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ