Ховд голд осолдсон 6 настай хүүхдийн эрлийг зогсоолоо

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2019-02-20 20:30:30

Ховд /МОНЦАМЭ/ Ховд голд осолдсон 6 настай хүүхдийг хайхаар голын мөсөнд 100 гаруй цооног гаргаж, 100 орчим удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олдоогүй тул ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 20-ны өдөр зогсоосон талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мянгад сумаас 45 км зайд буюу Баянхошуу багт 6 настай хүүхэд Ховд голд унаж осолдсоноос хойш 7 хонож байна. Анхны дуудлага энэ сарын 13-нд ирсэн бөгөөд тухайн өдрийн 16:55 цагийн орчим осолдсон талаар Ховд аймгийн Онцгой байдлын газарт дуудлага иржээ. Үүнээс хойш тасралтгүй 7 хоног Онцгой байдлын эрэн хайх аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 22 албан хаагч, 2 завьтайгаар эрэн хайх ажиллагаа явуулсан байна.  

Дээрх ажиллагаанд 6 настай хүүгийн гэр бүлийн 15 хүн, нутгийн иргэд, сумын Засаг даргын тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар оролцсон байна. Хүү осолдохоосоо өмнө голын харзалсан хэсэгт тоглож, зураг авахуулж байгаад ийнхүү харамсалтай хэрэг гарчээ. Тухайн үед хүүхдүүдийн тоглож байсан Ховдын голын харзалсан хэсэг нь 1 метрийн гүн байсан гэж албан бус эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн жил Ховд голд мөн нэг хүүхэд осолдож, эрэн хайхад олдоогүй бөгөөд 3 дугаар сард цогцос нь гарч ирсэн байдаг. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав. 

                                                                                                                 Н.Лхагва


Холбоотой мэдээ