Хүүхдийн спортын их наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-21 15:56:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Азийн хүүхдүүд-2020” Олон улсын хүүхдийн спортын VII наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэх өсвөр үеийнхнийг биеийн тамир спортын арга хэмжээ, тэмцээн уралдаанд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилго бүхий Говь-Алтай  аймгийн Хүүхдийн спортын VI их наадмын нээлт өнөөдөр боллоо.


Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, урлаг, спортоор дамжуулан зөв хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, өөрийн сонгосон сонголтондоо үнэнч, тууштай байж, зорьсон зорилгодоо хүрэхэд нь нөлөөлөхүйц олон төрлийн уралдаан тэмцээн зохиогддогийн нэг болох энэхүү наадам нь хоёрдугаар сарын 19-24-ний өдрүүдэд  гар бөмбөг, сагсан бөмбөг, жү-до бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, шатар, 100-н буудалт даам зэрэг төрлүүдээр явагдах ажээ. Харин өнөөдөр жү-до бөх, ширээний теннис, гар бөмбөг, таеквондо, шатрын тэмцээнүүд тус аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулагдаж байна.


Наадмын нээлтийн үеэр 2018 оны хэмжээнд насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн баг тамирчдаа спортын тэмцээн, уралдаанд амжилттай бэлтгэн оролцуулж амжилт гарган нэгдүгээр байр эзэлсэн Шарга сумын сургуулийн Биеийн тамирын багш Л.Ууганчимэг, хоёрдугаар байр эзэлсэн Төгрөг сумын сургуулийн Биеийн тамирын багш Д.Гэрэлмаа, гуравдугаар байр эзэлсэн Дэлгэр сумын сургуулийн Биеийн тамирын багш Б.Нямжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нар шагналаа гардан авлаа.




Холбоотой мэдээ