Татан буулгах сангийн нэрс ирэх долоо хоногт тодорхой болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
Тэрбээр, “Сангийн яамнаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), Мал
хамгаалах сан (МХС), Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг
дэмжих сан (ЖДҮХС), Боловсролын зээлийн сан, Автозамын санд шалгалт хийлээ.
Шалгалтын дүнг үндэслэн татан буулгах сангийн нэрсийг ирэх долоо
хоногт болох Засгийн газрын хуралдаанаар тодорхой болгоно. Шалгалтын явцад 319
аж ахуйн нэгж хоёр сангаас зэрэг зээл авсныг тогтоосон. Мөн ТЭДС, ЖДҮХС болон
МХС-гаас зэрэг зээл авсан аж ахуйн нэгжүүд ч байна. Засгийн газрын
тусгай сангийн зээлийн мэдээлэл Монголбанкны мэдээллийн санд ордоггүй. Үүний
улмаас сангийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 130 тэрбум төгрөгт хүрсэн
байна. Харин шалгалт эхэлснээс хойш буюу сүүлийн хоёр сарын хугацаанд энэхүү өр
100 тэрбум төгрөг болж буурсан. Засгийн газраас цаашдаа тусгай сангийн үйл
ажиллагааг ил тод, нээлттэй болгох, үүнд олон нийтийн оролцоог хангах чиглэлд
анхаарах болно. Үүний тулд сангийн Удирдах зөвлөлд ТББ, мэргэжлийн холбооны
төлөөллийг оролцуулна” гэлээ.