Зориг сан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-09-17 16:31:29

Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлаг /SDC/-тай хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамарсан бүх оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэх, тодорхой тооны оюутнуудад мэргэжлийн чиглэлээр дадлага хийх боломж олгох юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.

Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх, сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх, оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж /Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлэгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж/-д хамраагүй байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Бүртгэлийг энэ сарын 24-ний дотор http://www.jotformpro.com/zorigfoundation/SDC2015-16 хуудсаар орж цахим өргөдлийн маяг бөглөнө.

Мөн "Тэтгэлэгт оюутан, түүний хариуцлага" сэдвээр 500 үгтэй эссэ, суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулга зэргийг заавал хавсаргана.     

Ж.Болор 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд