Ажлыг чанаргүй гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг зарладаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-19 18:00:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр (2019.02.19) Төрийн ордонд боллоо.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд баталсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тиймээс Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас худалдан авах ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд хоёр төслийг нэгтгэж буй юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь цахим худалдан авах ажиллагааны иж бүрэн зохицуулалтыг бий болгох, ногоон худалдан авалт, худалдан авах ажиллагааны шуурхай, ил тод байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шинэлэг дэвшилттэй арга замыг санал болгожээ. Харин УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авах ажиллагаанд чанарын үзүүлэлтийг гол болгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Энэ үеэр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол товч мэдээлэл хийлээ.

Chimgee Chimgee-н зураг.

Одоо мөрдөж буй хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзнэ гэж заажээ. Үүний улмаас тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх тохиолдол элбэг байгаа юм. Иймээс “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ийн тухай ойлголтыг тодотгон, найруулгыг сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр онцоллоо. Мөн тендерт оролцогчдоос барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, харилцан хяналт тавих тогтолцоог сулруулсан төдийгүй Үндсэн хуулийн зөрчил үүсгэх магадлалтай тул уг заалтыг хасах саналыг гаргажээ.


Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгадгыг зогсоох эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэнэ гэжээ. Түүнчлэн тендерт шалгарсан ч чанаргүй ажил гүйцэтгэсэн компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах зэрэг хуулийн хэм хэмжээний заалтыг сэргээх саналыг ажлын хэсэг гаргаад байгааг дурдлаа.

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт илтгэл танилцуулав. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хуульчлах практик шаардлага үүссэн байна.


Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод цахим засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн болохыг С.Наранцогт дарга дурдав.

Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзжээ. Тэрбээр уг хуулийн төсөлд шинээр тусгагдсан цахим систем болон ногоон худалдан авах ажиллагааны талаар онцолж байлаа.

Цахим тендерийг хөгжүүлэх зорилгоор төсөлд шинэ зохицуулалтыг нэмэх шаардлага үүссэн гэв. Төслийн  5.1.25-д “Худалдан авах ажиллагааны цахим систем” гэж цахим програм хангамжийг ашиглан худалдан авах ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих цогц үйл ажиллагаа, мэдээллийн тогтолцоог.

5.1.26. “Цахим худалдан авах ажиллагаа” гэж цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан зохион байгуулах худалдан авах ажиллагааг.

5.1.27. “Цахим дэлгүүр” гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан худалдан авах ажиллагааны цахим системийн бүрэлдэхүүн хэсгийг гэж тус тус заахаар тусгажээ.

Төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай болгох нь цаг хугацаа хэмнэх, үргүй зардлыг бууруулах чухал ач холбогдолтой гэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтыг 100 хувь цахим болгох зорилтыг хэрэгжүүлнэ гэдгийг тэмдэглэж байлаа. Мөн ерөнхий гэрээний хэрэгжилтийг бүрэн хангах зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан талаар илтгэлд дурдсан юм.

Түүнчлэн байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмж тусгасан. “Ногоон худалдан авах ажиллагаа” гэж эрчим хүч, байгалийн нөөцийн  хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг шинээр хуульчлахаар төсөлд тусгасан байна.

 

Гадаадын зээлээр өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл рүү нийлүүлдэг сөрөг асуудлыг шийдвэрлэх ёстой

Үргэлжлүүлэн Засгийн газрын дэргэдэх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг “Засгийн газрын худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, гарц шийдэл” сэдэвт илтгэл танилцууллаа. Тэрбээр одоо мөрдөгдөж буй хуулийн үзэл баримтлалын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар дурдаад, үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжиж буй болон өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй төсөл дэх заалтуудыг нэгбүрчлэн танилцуулсан.

Төслийн 20.4.1-т “Тендерт оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1 хүртэл хувиар тооцож баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичгийн бичигт тусгах”  гэсний “1-2 хувиар” гэж байгааг өөрчлөх, гадаадын зээлээр өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл рүү нийлүүлдэг сөрөг асуудлыг шийдвэрлэх, тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан  Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын хариуцлага тооцох заалтуудыг өөрчлөх зохицуулалтыг тусгах шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой танилцуулга, илтгэлүүдийг оролцогчдод танилцуулсны дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хувийн хэвшлийн төлөөллүүд сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг энэ хуулийн төслийн зохицуулалтаар таслан зогсоох шаардлагатай талаар санал хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр оролцогч талуудын гаргасан санал, төсөлтэй холбоотой шүүмжүүд нь эрх зүйн болон практик тулгамдсан олон асуудлын гарц шийдэл байсныг дурдаад, уг хуулийн төслийг сайжруулах, худалдан авах ажиллагааны чиглэлээр Засгийн газар, УИХ-ын цаашдын бодлого, шийдвэрт тусгалаа олно гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ