Шүлхий өвчнийг илрүүлж, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-19 17:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас "Төв болон баруун бүс нутагт шүлхий өвчинтэй тэмцэхэд яаралтай дэмжлэг үзүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.

Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймагт хэрэгжиж байгаа дээрх төслийн хүрээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малыг вакцинжуулж, гол нь өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхэд анхаарч байна. Энэ тухай хэлэлцсэн уулзалт дээр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, “Манай улс малын халдварт болон бусад өвчнөөр тайван бүс гэдгээ олон улсад зарлахын тулд баруун бүсийн аймгуудад шүлхийн халдвар дамжин тархах эрсдэлээс сэргийлэх, шүлхий өвчин бүртгэгдсэн аймаг, сумын малыг байнгын ажиглан хянаж, шилжилт, хөдөлгөөн хийхийг хязгаарлах, вакцинжуулах төлөвлөгөөг сайтар боловсруулан мэргэжлийн өндөр түвшинд хийж, өвчний тандалт, тархварзүйн судалгааг тогтмолжуулах нь зүйтэй” байгааг онцолж байв.

Уулзалтад оролцсон мал эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг, орон нутагт байнгын болон түр ажиллагаат мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагааг сайжруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнийг давтан сургах, мэргэшүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг хэлж байв. Төслийн хүрээнд шүлхийтэй тэмцэх ажиллагааг үнэлэх, өвчний дэгдэлтийг судлах, хариу арга хэмжээг авах талаар сургалт хийх зэрэг ажлыг төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ