Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд тэмээтэй баярын жагсаалд оролцож болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-19 16:54:26

Увс /МОНЦАМЭ/. Ирэх сарын 9-ны өдөр Завхан суманд “Тэмээ-мөс-загасчлал-2019” баяр болох гэж байна. Тус сум нь Увс аймгийн хамгийн олон тэмээтэй сум бөгөөд жил бүрийн хавар Тэмээний баяр хийдэг уламжлалтай юм.

Ингэхдээ Хяргас нуурын хөвөөнд оршдог давуу талаа ашиглан мөсний баяртай хамтатган хийдэг. “Тэмээ-мөс-загасчлал-2019 баяр наадмын үеэр тэмээтэй парад жагсаал, тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хос шалгаруулах, шилмэл буур, ингэ тодруулах, тэмээтэй буухиа, загасчлалын, мөсний шагай, олс таталт, цасны сумо зэрэг тэмцээн уралдаан зохион явуулах юм байна.

“Энэ жилийн тэмээний баяраар гадаад дотоодын жуулчдыг олноор татахын тулд илүү өргөн хүрээтэй тэмдэглэх гэж байна. Тухайлбал, Хяргас нууранд загасчлах төрлийг нэмсэн нь илүү сонирхолтой арга хэмжээ болох байх. Мөн тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй баярын жагсаалд оролцож болно. Иймээс Увс аймгийн ард иргэд, гадаад дотоодын жуулчид та бүхэн энэхүү арга хэмжээнд маань өргөнөөр ирж оролцохыг уриалж байна” хэмээн Завхан сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг хэллээ.

Холбоотой мэдээ