Спортын ордныг шинэчлэн байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-18 19:23:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэнд хүргээд, БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж ирсэнд Элчин сайдын хувь нэмэр их байсныг цохон тэмдэглэв. Мөн “Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2017-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөг байгуулсан. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын тэтгэлэг, Тусгай тэтгэлэгт хөтөлбөрт жилд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байна. Мөн Хятадын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна. Эдгээрийг шуурхай ашиглалтад оруулахад яам онцгой анхаарч байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд соёлын өдрүүд зохион байгуулах, 2020 оны Олимпийг угтан баг тамирчид, дасгалжуулагчдыг богино хугацааны бэлтгэл сургалтад хамруулах, БНХАУ-ын Мао Цзедун даргын тушаалаар Монгол Улсад 1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэв.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, "2019 он манай хоёр орны хувьд чухал он юм. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилна. Энэ нь “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд хийж буй хоёр дахь удаагийн дээд хэмжээний айлчлал юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Спортын салбарынхны тавьсан асуудалд удахгүй таатай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. Дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд хүмүүнлэгийн хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн" гэдгээ илэрхийлэв.

Холбоотой мэдээ