Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-18 16:00:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ. Уг хуульд тусгай эмнэлэгт буюу зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги салбар, хилийн отряд дахь эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан энгийн эмч, ажилтан, алба хаагч тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тэтгэмж авдаг байхаар тусгажээ. Мөн “тусгай эмнэлэгт” тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчдад гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа бол 5 жил тутамд улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тухай өөрчлөлт оруулжээ.

Мөн дугаарт Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай, Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тухай, Сонгуулийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүнийг нөхөн сонгох сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай зэрэг тогтоолыг нийтлэв. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах сонгуульд 287 сая 614 мянга 335  төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ