Урлахуйн бүх төрлөөр бүтээсэн багш нарын үзэсгэлэн үзэгч олонтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-18 23:45:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын дунд зарласан "Art & Graft 9" шилдэг бүтээлийн уралдаанд шалгарсан уран бүтээлч багш нарын үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Энэхүү ёслолд Монголын урчуудын эвлэлийн хорооны Ерөнхийлөгч, зураач Б.Төмөрбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Чингүүнжав, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, Нийслэлийн Боловсролын газрын Технологийн болон тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа оролцож уран бүтээлчдэд амжилт хүсэв.

Энэхүү уралдаанд ардынхаа өв уламжлалыг орчин үеийн өнгө шийдэлтэй хослуулан уран бүтээлээрээ дамжуулж хүүхэд залуучуудад Монголын урлахуйн урлагийг сурталчлан таниулж, урлан бүтээх төвийнхөө галарейн урын санг баяжуулах зорилгыг тавьжээ. Тиймээс багш нар ур чадвараа харуулсан олон төрлөөр чансаатай уран бүтээл туурвисан нь үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлээс харагдлаа. Уран зураг, уран сийлбэр, уран бичлэг, уран баримал, хүүхэлдэйн болон арьсан урлал, уран хайчилбар, сүрлэн бүтээл, авто загвар, нисэх онгоц зохион бүтээх гээд 24 багшийн 90 орчим шилдэг бүтээл үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна. Багш М.Энхбаярын "Цахирт" уран зураг, Б.Ариунгэрэл "Бүсгүй" утсан болон холимог төрөл, Б.Ичинхорлоо "Сонссон" баримал зохиомж, Б.Нарангэрэл "Гоо" уран зураг, Г.Гэрэлмаа "Торгон зохиомж", Э.Бямбасүрэн "13 дугаар зуун" уран сийлбэр сонин, уран шийдэлтэй бүтээлүүд болжээ.

"Манай энэ үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүмүүс урлахуйн гайхамшгаас гадна үе үеийн хүүхдийн соёлын өв болсон Урлан бүтээх төв ордонтой танилцаж болно" гэж Галерейн эрхлэгч Г.Бурмаа ярилаа. Урлахуйн бүх төрлөөр шилдэг бүтээл туурвисан багш нарын үзэсгэлэн үзэгч олонтой байв.

Холбоотой мэдээ