Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-16 13:46:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлахаас татгалзсан байна.

Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч, өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд захирамж гарган чөлөөлсөн юм. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын энэ оны нэгдүгээр сарын 16-ны ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Энэ үед НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун танхимаас өөрийн нэрийг дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 43 төлөөлөгчийн 55.8 хувь буюу 24 нь дэмжсэн юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад нэр дэвшигчийг батламжлахаас татгалзаж байгаагаа НИТХ-ын даргад албан бичгээр өчигдөр мэдэгдсэн байна.

Тиймээс НИТХ дахин хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуультай.

Холбоотой мэдээ