Хөгжим бүжгийн оюутнууд хөрш улсуудад суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-17 19:10:57

Завхан/МОНЦАМЭ/.СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн Коллеж ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран ажиллаж байна.

СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн Коллежийн захирал Ш.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сард ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургууль дээр очиж  хамтран ажиллах санал тавьснаар тус хоёр сургууль хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээний хүрээнд хоёр сургууль багш, оюутан, сурагч солилцоогоор туршлага судлуулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ховордсон хөгжмийн зэмсгүүдийг судлах, заах, түгээн дэлгэрүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллахаар болжээ. Мөн ОХУ-ын Улан-Үд хотын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ирэх дөрөвдүгээр сард гурван улсын сургуулийн хамтарсан уулзалт, тоглолтыг Олон Улсын Найрамдал төвд зохион байгуулах юм байна. Мөн оны өмнөхөн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, БНХАУ-аас мэргэжлийн багш нар ирж тус сургууль дээр багш оюутны нээлттэй үзүүлэх хичээлийг таван удаа зохион байгуулжээ. Дашрамд СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн Коллеж нь 2018 онд түүхэн 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн ажээ. Тус сургуульд өнөөдрийн байдлаар баруун бүсийн таван аймгаас гадна Баянхонгор, Улаанбаатар, Орхон, Дархан хотоос 197 оюутан суралцагч суралцаж байна. Тус сургууль баруун бүсийн театр чуулгуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд СУИС-ийн сургалтын баримт бичгийг үндэслэн үндэсний язгуур урлаг, багш урлагийн боловсрол хөтөлбөрөөр дээд боловсролын мэргэжилтэн бэлтгэж эхлээд байгаа ажээ. 

Олдоц ховор номыг цахим хэлбэрээр оюутнуудад хүргэдэг гэлээ

СУИС-ын харъяа Хөгжим бүжгийн сургууль нь өнгөрсөн жил сургуулийнхаа номын санг нийт 428 ширхэг, хоёр сая 400 гаруй мянган төгрөгийн номоор баяжуулжээ.

Энэ нь номын фондынхоо 3.7 хувийг шинэчилсэн дүн юм байна. Үүнээс урлагийн чиглэлийн 93 ширхэг, ерөнхий эрдмийн сурах бичиг 179 ширхэг, түүхийн хоёр ширхэг, сурган боловсрол судлалын 154 ширхэг номыг тус тус худалдан авсан байна. Өнгөрсөн жил нийт 1986 удаа 4528 ширхэг ном, сурах бичиг гарын авлагаар оюутан, багш нарт үйлчилгээ үзүүлжээ. Мөн олдоц ховор номыг цахим хэлбэрт оруулан оюутан, багш нартаа үйлчилжээ. Тухайлбал өрнөдийн хөгжмийн уран зохиол болон, сонордуулгын, морин хуурын дөрвөлийн зэрэг олдоц ховор номыг цахим хэлбэрт тус тус оруулжээ. Мөн 210 нэр төрлийн 960 гаруй номыг программд оруулсан. Улирал тутам Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын сангаас ном солилцоогоор 200 гаруй уран зохиолын болон оюутнуудын хүссэн ном, гарын авлагаар үйлчилдэг тухайгаа тус сургуулийн номын санч мэдээллээ. 

Холбоотой мэдээ