Аймгийн төв номын сан цагдаагийн ажилтнуудад "Танд ойрхон номын сан" үйлчилгээ хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн
нэрэмжит Дундговь аймгийн төв номын сангийн хамт олон аймгийн Цагдаагийн газрын
ажилтнуудад "Танд ойрхон номын сан" үйлчилгээгээ 2 дугаар сарын 13-ны
өдөр хүргэжээ.
Тус номын сан танхимын
үйлчилгээнээс гадна үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулахын тулд “Дуудлагаар ном
хүргэх”, “Танд ойрхон номын сан”, “Зөөврийн номын сан” гэсэн үйлчилгээг бий
болгож, 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа ажээ.
"Танд ойрхон
номын сан"-ийн үйлчилгээг авахын тулд байгууллагууд урьдчилан хүсэлт
гаргаж, унших номоо захиалсны дагуу тухайн байгууллага дээр нь очиж
үйлчилгээгээ үзүүлдэг бол “Зөөврийн номын сан” үйлчилгээг алслагдсан баг, сумын
иргэдэд хүргэдэг байна.
Өнгөрсөн онд тус
номын сан Зөөврийн номын сангийн үйлчилгээг 14 байгууллага, 8 суманд 22
удаагийн үйлчилгээ үзүүлж, 1200 гаруй иргэнд 1400 орчим номоор үйлчилгээ
үзүүлсэн бол “Танд ойрхон номын сан” үйлчилгээг 18 иргэн авсан ажээ.
Харин 2019 ондоо
тус хамт олон "Номын санчдын мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэл
манлайллыг дээшлүүлэх" зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.
Аймгийн төв номын
сангийн дарга Ц.Одончимэг “Манай хамт олон иргэдийнхээ ном унших боломж болон
үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлснээр илүү олон үйлчлүүлэгчтэй болж, тэднийхээ оюунд хөрөнгө оруулалт хийхийн тулд байгууллагууд
дээр очиж үйлчлэх, дуудлагын үйлчилгээгээ сурталчлах, гадаа талбайд үйлчилгээ
үзүүлэх зэргээр төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг” гэлээ.