Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголын их аваргад золгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-14 19:30:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголд зочилж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр шинийн наймны билигт сайн өдөр буюу өчигдөр өвөр монгол бөхийн их аварга Баярбаатарыг зорин очиж золгожээ.

Тэрбээр өдгөө 41 настай бөгөөд Өвөр Монголын 256 бөхийн наадамд 34, 1024 бөхийн наадамд тус бүр гурав түрүүлж, үзүүрлэсэн аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, 2017 онд төрийн дээд одон "Алтан гадас"-аар түүний энгэрийг мялааж байв.


Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж өөртэй нь очиж золгохоо мэдэгдэж утсаар холбогдоход тэрээр ихэд сандарсан тухайгаа хэлж байв. Сүмогийн их аварга "Эрхэм ах, та гэрийнхээ хойморт хүлээж байгаарай. Би дүү хүний хувьд, бөхийн жудгийг бодож тантай золгохоор шийдсэн юм" хэмээн ярьсан байна.

Гэсэн ч Баярбаатар аварга нутгийн зон олны хамт, Хатавч боомт дээр хөтөлгөө морьтой түүнийг хүндэтгэн угтжээ. Тэрээр хөтөлж ирсэн эмээл хазаартай, шарга морио Д.Дагвадорж аваргад бэлэглэсэн байна.

Холбоотой мэдээ