Б.Мянганбаяр: Ю.Цэдэнбал даргын үйл хэргийг залуучуудад сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-15 11:46:41
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсаны нэрэмжит академийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мянганбаяртай ярилцлаа.

-Ю.Цэдэнбал академийн төв нь Улаанбаатар хотод байдаг.  Увс, Дорнод, Архангай, Орхон аймагт салбартай.  Салбар бүрийн үйл ажиллагаа онцлог, ялгаатай харагдсан.  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг  Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож мөн хөшөөг нь босголоо. Академийн үйл ажиллагааны цаашдын зорилт юу вэ?

-Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүх Ю.Цэдэнбал даргын үйл хэрэгтэй нягт холбоотой. Ю.Цэдэнбал дарга тухай үеийн ЗХУ-ын удирдлагуудтай хамтарсан үйлдвэр барих асуудлыг ярилцаж уйгагүй хөөцөлдсөний үр дүнд гэрээ хэлэлцээр хийж, өнөөгийн том үйлдвэр боссон түүхтэй. Үүний үр дүнд 30-40 мянган хүн амтай хот байгуулсан нь өнөөдөр 100 мянган хүн амтай болтлоо өргөжжээ. Энэ хүний Монголын түүхэнд байгуулсан гавьяа асар их. Үүнийг алдаршуулж, залуу хойч үедээ түүх, намтрыг нь ойлгуулж, танин мэдүүлэх, Ю.Цэдэнбал даргын гаргасан шийдвэрийн үр дүнд өнөөдөр ямар, ямар ололт, амжилтууд бий болсон талаар олон нийтэд үнэн зөв, баримттайгаар гаргахыг зорьж байна.

Ганцхан жишээ дурдахад, Монгол Улс 600 мянган хүн амтай, бичиг, үсэггүй, өвчин зовлонд нэрвэгдсэн байсан тэр үед Ю.Цэдэнбал дарга бүх нийтээр нь соён гэгээрүүлж, өвчин, эмгэгээс нь ангижруулж, ард иргэдээ сайхан амьдруулах бүхий л шийдвэрийг гаргаж байсан.  Бид аливаа асуудлыг том зураг, байр сууриас нь харах хэрэгтэй. Зарим хүн түүнийг муулж гавьяа амжилтыг үгүйсгэдэг. Гэтэл Монгол Улсын түүх бол түүний намтар түүхтэй салшгүй холбоотойг ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг түүний нэрэмжит болгосон. Үүнээс хойш хоёр жил өнгөрлөө. Гэхдээ бид  нэрэмжит болгоод өнгөрөх биш, хийж бүтээсэн үйл хэргийг нь орон нутагт сурталчилж, хойч үедээ таниулахгүй бол нэр төдий болоод байна.  

Таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулах талаар танай академиас гаргасан санал, санаачилга байна уу ?

-Жил бүрийн есдүгээр сарын нэгэнд Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл заадаг. Ядаж энэ өдөр Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулаад Монголын түүх, Ю.Цэдэнбал даргын үйл хэргийг залуучууд, хүүхдүүдэд таниулмаар санагддаг. Мөн Ю.Цэдэнбал даргын нэрэмжит гудамж, талбай байгуулах санал дэвшүүлсэн.

Ю.Цэдэнбал дарга ЗХУ-ын дээд удирдлага, ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневтэй хамтарсан үйлдвэрийн эхний гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, Сайд нарын зөвлөлийн дарга А.Н..Косыгинтой захиагаар харилцаж, саналаа хэлж байсан. Захиандаа, зарим асуудлыг яаж шийдэх, хөрөнгө мөнгийг хэрхэх, санхүүжилтийн хэдэн хувийг гаргах гэх мэт зүйлсийг тусгаж байсан гэдэг. Та нар бод доо, өнөөдөр ганц амбаар барихад ямар их ажил болж байна. Гэтэл энэ том хотыг, үйлдвэрийг дэд бүтэц, ус цахилгаан хангамжтай нь сургууль, соёл нийгмийн хэрэгцээг цогцоор нь шийдэж, төлөвлөж босгож, байгуулсан гээд. Зүгээр авчраад тавьчихсан юм шиг л зарим хүмүүс хараад байна. Тэгэхээр үүнийг бүтээн байгуулсан хүний үйл хэргийг сурталчлах ажил хиймээр байгаа юм.

Бид саяхан үйлдвэрийн 40 жилийн ойгоор Ю.Цэдэнбал даргын хөшөөг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргааны байрных нь өмнө босгосон. Хөшөөг босгоход үйлдвэрээс 37 сая төгрөг зарцуулсан.

Тэгэхээр орон нутгийн үүрэг оролцоог нэмэх хэрэгтэй гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага гээд бүгд оролцох хэрэгтэй. “Найрамдал зуслан, цэцэрэг, сургууль, соёл, урлагийг яаж хөгжүүлж, салбар, салбарт ямар бүтээн байгуулалт өрнөж байсаныг нь дурсах хэрэгтэй. Ямар хурал хийж, ямар асуудлыг хөндөж байсан зэргийг нухацтай судалж, эрдэм шинжилгээний бага хурал ч зохион байгуулж болно. Үүнд  “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг татан оролцуулах хэрэгтэй. Учир нь Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид өрнөж байх үед Ю.Цэдэнбал дарга бүх яам, холбогдох байгууллага, Намын төв хорооны дарга нартаа, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Улаанбаатар хотод ирэхэд ямар ч дараалалгүйгээр асуудлыг нь хурдан хугацаанд шийдэж бай гэж хүртэл үүрэг даалгавар өгч байсан байгаа юм. Ер нь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, түргэн хугацаанд дуусгах, өндөр ач холбогдол өгч байсны илрэл гэж хэлж болно. Энэ мэтчилсэн Ю.Цэдэнбал даргын тухай ярьвал, түүх, дурдатгалыг нь бичвэл маш их юм бий. Үүнийг судалж, таниулахад орон нутгийн дэмжлэг, нийгмийн байгууллагын оролцоо нэн чухал гэдгийг л онцолмоор байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ