“Монгол дахь хоккейн өдрүүд” маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-14 14:15:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулж буй Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийн хүрээнд “Монгол дахь хоккейн өдрүүд” өдөрлөгийг 2019 оны хоёрдугаар сарын 16-19-нд болно.


Тус өдөрлөгийн хүндэт зочид нь Канадын Ванкувэр хотын “Лэсли Глобал Спортс” хоккейн клубын Нэйт Лэсли тэргүүтэй дасгалжуулагч нар байх юм. Хоккейн эх орон Канадын дасгалжуулагч нар манай улсад хүрэлцэн ирж, хоккейчид, дасгалжуулагчдад мөсөн талбай дээр ийнхүү сургалт явуулахаар боллоо.


Сургалт 2019 оны хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүрэгт байрлах орос 14-р сургуулийн урд талд буюу “Бласт” ХХК-ийн мөсөн талбайд болно. Мөн 16-ны 11 цагаас 6-р сургуулийн мөсөн талбайд "Second Annual Canada-Mongolia Friendship Cup" хоккейн тоглолттой.


Монгол Улсад хоккейн спорт социализмын үеэс 50 гаруй жил хөгжсөн ч хувцас хэрэгсэл, талбай, дасгалжуулагч мэргэжилтэн дутмагаас дэлхийн тавцанд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй байна. Харин энэ бэрхшээлийг үл хайхран Монголын олон залуус хоккейн спортыг шимтэн сонирхож хичээллэдэг.


Монгол залуусын энэ хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор Канад Улсын Элчин сайдын яам, Монголын хоккейн холбоо, Канад, Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтран Канадад хоккейн хувцас хэрэгслийг цуглуулах хандивын ажлыг зохион байгуулсан юм.

Хандиваар цугласан чингэлэг дүүрэн хувцас хэрэгсэлийг Монголын хоккейн холбоо хоккейн баг, холбоодод тарааж, түгээх ажлыг эхлүүлээд байна. Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны иргэд ихээхэн хувь нэмэр орууллаа гэж Монгол дахь Канад Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ