АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэргэжилтэн асныг тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-14 10:41:50

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэргэжилтэн асан Моника Виттийг Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгасан байна. Энэ тухай тус улсын Холбооны мөрдөх товчооноос лхагва гарагт мэдээлэв.


2013 онд Ираны талд орсон гэх М.Витт урьд нь АНУ-ын сөрөг тагнуулчаар ажиллаж байжээ. Мөн Ираны дөрвөн иргэнийг М.Виттийн хамтран ажиллагсдын компьютерт тагнуулын программ хангамж суулгахыг оролдсон хэрэгт буруутгаж байгаа аж.


Холбооны мөрдөх товчооны мэдэгдэлд тэмдэглэснээр, М.Витт хамгийн сүүлд 2013 оны долдугаар сард Зүүн Өмнөд Азид байсан нь тогтоогдсон ажээ.


АНУ-ын Агаарын цэргийн хүчинд 1997-2008 онд ажиллаж байсан М.Виттэд төрийн нууц мэдээлэлд нэвтрэх өндөр түвшний зөвшөөрлийг олгосон байсан” гэж прокурорууд мэдээлсэн байна.


Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газрын Ерөнхий прокурорын туслах Жон Демерс хэлэхдээ, иргэдийн маань нэг улсаасаа урвасан гунигт өдөр АНУ-д тохиож байна гэжээ. 


Ташрамд дурдахад, "Лалын хувьсгалт гвардын хүчинд туслалцаа үзүүлсэн хэрэгт буруутган Ираны хоёр компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан" гэж АНУ-ын Сангийн яамнаас лхагва гарагт олон нийтэд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ