“Улаанбаатарын өвлийн наадам” ирэх амралтын өдрүүдэд болно

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2019-02-14 08:47:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг "Скай Резорт" цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн өвлийн наадмаар Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, цана, сноуборд, рагбигийн тэмцээн, хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг оролцогчийн шалгаруулах юм.

“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг нийслэл хотынхон гэр бүлээрээ амарч зугаалахаас гадна тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор уг наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд хамрагддаг юм.




Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээрийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад, дотоодын жуулчдын томоохон урсгал бий болно гэж үзэж байна. Наадмуудаар дамжуулан Монгол ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг дэлгэрүүлэх юм.

 

Холбоотой мэдээ