Иргэдээс ирсэн өргөдлийн 23 орчим хувь нь ажилд оруулж өгөхийг хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-14 15:19:46

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн 18-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяад 2018 онд тойргийн иргэдээс нь нийт 226 өргөдөл, хүсэлт иржээ. Эдгээрээс 195-ийг нь шийдвэрлэж 31 өргөдлийг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн 22.6 хувь нь ажилд оруулахад, 18.1 хувь нь гэр оронтой болгох, 14.6 хувь нь өрхийн аж ахуй жижиг дунд бизнес эрхлэхэд санхүүгийн дэмжлэг хүссэн, 10.2 хувь нь ахуйн хэрэглээний мөнгөн тусламж хүссэн өргөдөл байна. 2018 оны төсвийн тухай хуульд Завхан аймгийн 18-р тойрогт 21 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 17 төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас тухайн онд улсын төсвийн хөрөнгөөр найман тэрбум 455 сая төгрөгийг санхүүжүүлж хэрэгжүүлжээ. Тухайлбал боловсролын салбарт найман сумын сургууль, цэцэрлэгийн барилгын зарим ажил эхэлж Улиастай, Цагаанчулуут, Завханмандал сумдын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, дулааны шугам сүлжээний засвар бүрэн хийгджээ. Харин эрүүл мэндийн салбарт гурван сумын эрүүл мэндийн төвийн засвар хийгдсэн байна. Харин 2019 оны төсвийн тухай хуулийн дагуу 2019-2020 онд Завхан аймгийн 18-р тойрогт 57 тэрбум 475 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 22 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжинэ. 2019 онд 26тэрбум 885 сая төгрөгийн санхүүжилт бүхий ажил хийгдэхээр байна. Улиастай-Загастайн давааны 67 км автозам болон аймгийн төвд баригдах дулааны цахилгаан станц нь төсвийн хөрөнгөөр бус гадаад зээл, тусламжын эх үүсвэрээр санхүүжигдэхээр болсон тухай УИХ-ын гишүүний Завхан дахь ажлын албанаас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ