Мөсөн хотхоныг “Нүүдэл” сэдвийн дор урлана

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-02-14 09:23:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг Мөсний баяр ирэх 3 сарын 2-4-нд Хатгал тосгоны “Хүй толгой”-д болно. Энэ жилийн Мөсний баярын онцлог, ямар арга хэмжээнүүд зохион байгуулах талаар баярыг зохион байгуулах комиссын дарга, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоос тодрууллаа.

 

Энэ жил Мөсний баярыг хэд дэх жилдээ тэмдэглэх вэ. Анх хэдэн онд тэмдэглэж байсан бэ ?

-Хөвсгөлчүүд бид газрын цэнхэр нүдэн Хөвсгөл нуурынхаа мөсөн дээр энэхүү баярыг тэмдэглээд олон жил болжээ. Анх Хөвсгөл нуураа хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачлагаар Хөвсгөл нуурын “Сантын өвөр” гэдэг газар 2000 онд анх Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан гэдэг. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл тэмдэглэгдэж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент арга хэмжээ болж өргөжөөд байна.

-Энэ жилийн Мөсний баярын онцлог, ямар арга хэмжээнүүд болох вэ ?

-Мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрийн зайтай “Хүй толгой”-д зохион байгуулахаар мэргэжлийн байгууллагууд мөсөнд хэмжилт хийгээд шийдвэрлэсэн. Энэ жил иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт тавиулж мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргана. “Хөх сувд-2019” мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Тухайлбал мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээнаав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болно.

 -Гадаадын иргэдэд зориулсан ямар арга хэмжээнүүд байна ?

-Бид энэ жил гадаадын иргэдэд зориулсан шинэлэг арга хэмжээнүүдийг төлөвлөж байна. Аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын “Хөвсгөл далай” мөсөн хотхоноор зочлох”, “Далай ээжийн өвөл” гэрэл зургийн үзэсгэлэн үзэх төдийгүй жуулчдад зориулсан “Competition for tourists” хөгжөөнт тэмцээн, монгол дууг хэн сайн дуулах вэ тэмцээн, хоолны шоу, мөсөн дээр дамар түлхэх тэмцээн, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, гадаад дотоодын жуулчдын “Монгол 100” мөсөн дээрх 500 метрийн нөхөрсөг марафон, чаргатай  уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.

 -Иргэдийн хамгийн их сонирхдог зүйл бол мөсөн хотхон. Энэ жил ямар онцлогтой урлах вэ ?

-Тиймээ. Мөсөн хотхон бол Мөсний баярын гол чимэг байдаг. Өнгөрсөн жилүүдэд Хөвсгөл нутгийн онцлог бэлгэдэл болон улаан номонд орсон ховор амьтдаар бүтээж байсан. Харин энэ жилийн хувьд Хөвсгөл нутгийн ард түмний аж амьдралыг харуулсан “Нүүдэл” сэдвийн дор мөсөн урлал үзмэрүүдийг орон нутгийн зураач, урчууд маань хийнэ.




 -Энэ жил Мөсний баярыг цас, цааны баяртай хугацааг нь ойртуулсан нь ямар зорилготой вэ ?

-Хөвсгөл аймаг олон ястны өлгийн нутаг. Дархад зоны өв соёл, ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор цас, цааны баярыг 2011 оноос зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулагддаг байсан бол өнгөрсөн  жил Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс хамтран зохион байгуулж  Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөл оролцож өргөжин тэлсэн. Мөн тус арга хэмжээнд 40 орчим жуулчин, ОХУ-ын 19 гэрэл зурагчин, сэтгүүлч, Өвөрмонголын сэтгүүлчид хүрэлцэн ирж оролцсон. Энэ жил Хөвсгөл нутгийн онцлог, эрс тэс уур амьсгальтай энэ нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас,цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор Мөсний баярын арга хэмжээтэй уялдуулж хугацааг нь товлосон. Өөрөөр хэлбэл гадаад дотоодын аялагч, жуулчид 2 сарын 28 нд Рэнчинлхүмбэ суманд болох цас, цааны баярт оролцоод маргааш нь Хатгалд ирж амраад 3 сарын 2-4-ий өдрүүдэд Мөсний баяртаа оролцох боломжтой юм.

 

Холбоотой мэдээ