Нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч ажлаа хүлээлгэн өгөхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-12 11:39:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан суманд энэ оны зургадугаар сарын 30-нд болох УИХ-ын гишүүнийг нөхөн сонгох сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч, төрийн оролцоотой компанийн удирдлагыг энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос анхаарууллаа.

Энэ талаар СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, “УИХ-ын чуулганаар Хэнтий аймагт болох УИХ-ын гишүүнийг нөхөн сонгох сонгуулийн товыг тогтоосон. Сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч нь сонгуулийг товлон зарласан өдрөөс хойш ажлын тав хоногийн дотор үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Нөхөн сонгуулийн товыг тогтоосон УИХ-ын тогтоолыг энэ сарын 11-нээс хэрэгжүүлж эхэлсэн тул нэр дэвшигч нь энэ долоо хоногийн баасан гарагаас өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой юм. СЕХ-ноос татвар, аудит, цагдаа, батлан хамгаалах, улсын бүртгэлийн байгууллага болон 27 намд нөхөн сонгуультай холбоотой албан бичиг, зөвлөмжөө хүргүүлсэн" гэлээ.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас нийт 17 мянга 450 сонгогчтой 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүнийг нөхөн сонгох сонгууль явуулах товыг тогтоож, 287.6 сая төгрөг зарцуулахаар баталсан юм.

Холбоотой мэдээ