Хүрхрээгийн аманд параглайдингийн хотын АШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-12 10:25:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Параглайдингийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр буюу хоёрдугаар сарын 16-17-нд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.


Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөтэй нисдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газраам нисэх боломжтой. Энэ спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисэж болдог. 2018 онд параглайдераар 564 км нисэж дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Параглайдингийн үүслийг Сэргэн мандалтын үед Леонардо да Винчигийн зурсан шүхрийн таталбар зургуудтай холбож үздэг. Дэлхийн II дайны үед шүхрийг өөрчилж сайжруулах оролдлогууд хийж байсантай мөн холбоотой гэдэг.


Харин 1980-аад онд далавчны загварыг сайжруулан халин нисэх боломжтой болсноор 1990-ээд онд олон улсад хамгийн их түгсэн байна. Монгол Улсад анх 1996 онд нэвтэрч байсан тус спорт 2013 оноос эрчимтэй хөгжин Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгийн тамирчид сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна. Тус спортоор суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Монгол Параглайдинг клубын туршлагатай нисэгчид анхан шатны сургалт явуулдаг хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ